Google гэх хаягнаас ирж буй гар утас, бэлэн мөнгө хожлоо гэх мэдээлэл ХУДАЛ

[Худал] Монголд бүртгэлтэй интернэт сервер ашиглагчдад бэлэн мөнгө, гар утас зэргийг хожсон гэх мэдээлэл англи болон монгол хэл дээр ирэх болсон тул түүнийг шалгуулах уншигчдын хүсэлтийн дагуу энэ мэдээллийг шалгалаа. Бидэнд Google chrome болон Safari хөтөч ашиглагчдаас ирсэн мэдээллээс харахад, гар утас, бэлэн мөнгө хожсон гэх агуулга бүхий урамшууллын мэдээллүүд ирж, хэрэглэгчдийг тодорхой үйлдэл хийхэд уриалан дуудаж байгаа юм. Энэ нь Mongolian Fact-Checking Center-ээс өмнө нь орчуулан хүргэж байсан phishing мэдээллийн шинж чанаруудыг агуулжээ.
Тухайлбал, Google chrome хэрэглэгчдэд Google membership awards буюу Google-ийн гишүүнчлэлийн шагнал нэртэй мэдээлэл ирж байна. Үүнд, “Google нь долоо хоног бүрийн мягмар гарагт 10 хэрэглэгчийг шалгаруулж, 999 ам.долларын мөнгөн шагнал өгч байгаа тул 4 асуултад хариулж, энэ шагналын эзэн болоорой” гэсэн байна. Мөн ₮1,400,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой тухай мэдээлэл хэрэглэгчдэд ирсэн байна. Safari хөтөч хэрэглэгчид, “Та Safari-ийн 2020 оны хэрэглэгчийн судалгаанд оролцохоор сонгогдсон тул дараах асуултуудад хариулна уу. Бид танд талархлаа илэрхийлэн Samsung Galaxy S10 утас авах боломжийг олгоно” гэжээ.
#FactCheckedByMFCC

Хязгаарлагдмал цаг хугацаатай гэсэн агуулгаар дамжуулж, хэрэглэгчдэд тайван, нухацтай бодох хугацаа өгөлгүйгээр, богино хугацаанд шийдвэр гаргахад хүргэх, шахамдуулах.
Ямар нэг үйлдэл хийхийг шаардах. Тухайлбал, асуултад хариулах, өөрийн хувийн мэдээллээ өгөх гэх мэт. Тиймээс эдгээрийг phishing гэж таамаглах үндэслэлтэй. Энэ нь Google-ийн албан ёсны цахим хуудаст байршсан, хэрэглэгчдийг санхүүгийн залилангаас урьдчилан сэрэмжлүүлэх мэдээллээр батлагдаж байна. Үүнтэй ижил төрлийн санхүүгийн залилан, phishing хийх оролдлогууд түгээмэл гардаг тул Google хэрэглэгчдэдээ анхааруулан оруулсан зураг нь Монголд тархаж байгаатай агуулга болон асуултын хувьд яг ижил байна. Энэхүү мэдээлэлдээ Google нь хэзээ ч хэрэглэгчдэдээ гэнэтийн шагнал өгдөггүй, та ч ийм асуултад хариулсанаар шагнал авахгүй гэжээ.

Энэ тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүтэй холбогдож тодруулахад, Монголд энэ тухай гомдлууд ирж байгааг баталгаажуулсан юм.
Тэрээр, “Асуулт асууж, маягт бөглүүлж байгаа бол фишинг байх магадлал 90 хувь. Манай байгууллага дээр фишингийн оролдлогуудыг илрүүлэх ажил хийгдэж байгаа. Иргэд ийм мэдээлэлд хууртаж, асуултад хариулах эсвэл хувийн мэдээллээ оруулсан тохиолдолд юун түрүүнд хувийн мэдээллээ алдана. Энэ нь бусдад таны нэрийг барин найзуудаас тань мөнгө нэхэмжлэх, зээлэх, хувийн харилцаа, холбооны мэдээллийг тань олон нийтэд дэлгэнэ хэмээн таныг болон таны таньдаг хүмүүсийг сүрдүүлэх зэрэг боломжийг олгоно гэсэн үг юм.” гэв.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst