Туул голын бургасанд үмхий үнэрт хортой хорхой үүрлэсэн гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал]2021 оны 10 дугаар сарын 27-нд Арслан.мн нэртэй 115.9 мянган дагагчтай Facebook пэйжид “Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой дүүрэн бүчсэн ба их хортой шавж бөгөөд хазуулсан тохиолдолд харшил өгөх, цөөн тохиолдолд амь насанд хүртэл халтай” гэх утгатай мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд тухайн өдрийн 17:00 цагийн байдлаар 339 реакц, 52 сэтгэгдэл өгч, 458 удаа цааш түгээсэн байна.

Уг постод “СЭРЭМЖЛҮҮЛЭГ! Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой дүүрэн бүчсэн байгаа талаар мэдээлсэн билээ. Оросын өмнөд хязгаар Краснодарын бүс нутагт тэр хорхойн дайрлага болоод байгаа бөгөөд хаялга нь манай улсад ийнхүү ирээд байгаа бололтой. Хятадаар 臭屁虫 буюу өмхий бөгст хорхой хэмээн орчуулагдахаар юм. Их хортой шавьж бөгөөд хазуулсан тохиолдолд арьс улайж хавдан харшил өгөх, цөөн тохиолдолд амь насанд хүртэл халтай байдаг гэнэ шүү. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ дагуулан голын ай сав газраар зугаалахдаа болгоомжтой байна уу? Орост айл хунарын гэр байшингаар дүүрэн шигчихээд байгаа тул голын эрэг орчмын айл хунарууд болгоомжтой хаалга цонхоо сайтар хааж байхад гэмгүй байх шүү” гэсэн байв.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Мэдээлэлд өөр өөр шавжийн зураг ашигласан нь тухайн мэдээллийг бодит үнэн гэдэгт эргэлзэх нэг шалтгаан болж байна. Шавжийг ойроос авсан зургийг Search google image-ээр хайж үзвэл 2016 оны 05 дугаар сард Хятадын soho.com сайтад нийтлэгдэж байсан хорхойн тухай танин мэдэхүйн нийтлэлд ашигласан зураг байв. Энэ хорхой нь Харин бургасны мөчирт үүрлэсэн хүүхэлдэйн зураг нь бодит зураг байв.

📌Олон нийтийг цочирдуулсан үл мэдэх хорхойн тухай мэдээлэл сошиалд эрчтэй түгсэн учраас төрийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч тодруулга хийсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас уг шавжийн дээжийг ШУА-ийн Биологийн хүрээлэнд шинжлүүлсэн байна. Уг шавж нь шүрэн цох болохыг тодорхойлж, хүний эрүүл мэндэд аюулгүй ба ургамлыг шимэгч бичил шавжаар хооллодог гэдгийг мэдээллээ. Уг мэдэгдэлд

✅“Шүрэн цох нь хавар эсвэл намрын улиралд үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндөглөдөг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчмын дараа авгалдай хэлбэрт шилждэг. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог. Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч бичил шавжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавжуудтай зэрэгцэн гарч ирдэг байна” гэжээ.

📌Дээрх мэдээлэлд уг шавжийг Оросын өмнөд хязгаар Краснодарын бүс нутагт маш ихээр үзэгдсэнээс үүдэн Туул голын бургасанд ирсэн мэтээр бичсэн. 2021 оны 07 дугаар сард Краснодарын бүс нутагт байрлах Анапа хотод шүрэн цох маш ихээр ирсэн тухай бичлэгийг tvzvezda.ru, gazeta.ru зэрэг сайтад оруулж байжээ. Уг шавжийн ингэж олноор нүүдэллэх болсон шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой буюу зургадугаар сард хүйтэн, бороотой байсантай холбон тайлбарласан байна. Мөн далайн эрэг дээр амарч буй жуулчдыг хазсан тохиолдол хэд хэд гарсан ч энэ шавж хүний цусаар хооллодоггүй тул аюулгүй, гэхдээ цөөн тохиолдолд харшил өгч болзошгүй гэсэн байна.
📌Харин Монголд урд өмнө нь хэр их үзэгддэг байсан болон одоо ямар өөрчлөлт орж байгаа тухай судалгаа хараахан гараагүй байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst