Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10 хоногийн цалинтай чөлөө олгох хууль 2022 оноос хэрэгжинэ гэх мэдээлэл #ҮНЭН

   [Үнэн] 2021 оны 11-р сарын 10-нд Zaag.mn гэх нэртэй пэйжид “Дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгох хууль 2022 оноос хэрэгжинэ” гэсэн агуулгатай мэдээг хуваалцжээ. Холбоосоор орж харахад уг мэдээг анх 2021 оны 7-р сарын хоёрны өдөр нийтэлсэн бөгөөд түүнээс хойш Facebook-д нийт 1,618 реакц, 51 сэтгэгдэл үлдээж, 224 удаа цааш түгээжээ.
Уг мэдээлэлд 📌“Монгол Улсын Их Хурлаас өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. 13 бүлэг, 166 зүйлтэй уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Хуультай холбогдуулан ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүд хуулиас зарим зүйл заалтыг онцоллоо” гээд хэд хэдэн зүйлийг оруулсан байв.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Уг мэдээлэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ikon.mn сайтад гарсан мэдээг хуулж тавьсан байна. Тухайн үед хамаарах “өнөөдөр хууль баталлаа” гэх агуулгыг 5 сарын дараа дахин оруулахад хуурамч мэдээлэл мэт төөрөгдүүлсэн ч Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд нь үнэн зөв байна. Мөн хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөнө гэсэн нь үнэн.

✅Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.5-д “эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасан байна. Энэ нь чөлөө олгох ба чөлөөний хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж ойлгогдохоор байна. Харин залуу гэр бүлийг дэмжих зорилгоор гэх утга хуульд байхгүй.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst