Камила Валиевагаас Н.Батсуурь аваргынхтай ижил төрлийн допингийн бодис илэрлээ гэх мэдээлэл үнэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гэхдээ энэхүү триметазидин нь “Спортод хориглосон бодисуудын жагсаалт”-д багтсан
Олимпын үеэр биш 2021 оны 12 дугаар сард өгсөн шинжилгээнд эерэг хариу гарсан нь Камила Валиевагийн оролцох эрхийг түдгэлзүүлэх шалтгаан биш гэж үзжээ

2022 оны 02 дугаар сарын 10-нд Dorj Dorjoo нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Оросын уран гулгагч Камила Валиевагаас Н.Батсуурь аваргынхтай ижил төрлийн допингийн бодис илэрлээ” гэх тайлбартай зураг бүхий постыг “Монголын Үндэсний Бөх” нэртэй пэйжид оруулсан нь 02 дугаар сарын 11-ний 18:00 цагийн байдлаар 502 реакц, 7 сэтгэгдэл авч, 235 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

📌 Уг мэдээлэлд. “Даян аварга Н.Батсууриас триметазидин гэдэг бодис маш бага хэмжээтэй /verylow/ илрэхэд өнөөдрийг хүртэл улс даяараа “допингчин” гэж хашгирсаар байгаа. Гэтэл Оросын тамирчнаас яг энэ төрлийн бодис илэрсэн тухай мэдээлэл цацагдахад монголчууд бараг нийтээрээ “тэр чинь допинг биш зүгээр л зүрхний үйл ажиллагаа дэмждэг эм шдэ” нтр… Улс Монголынхоо удамт аваргыг допингчноор нь цоллоод барилдуулдаггүй. Харь орны шар үст охиныг шүтсэн бөөн бөөн өрөвчхөн монголчууд Үндэсний өв соёлоо тээж яваа монгол залуугаас илүү харийн орны уран гулгагч үзэсгэлэнт охиныг тахин шүтсэн өрөвдмөөр оюуны хомсдолууд. Үхэр Монголчууд ийм үедээ бусдын идэш болдог түүхтэй. Үндэсний гэсэн тодотголтой болгон луугаа нулимдаг улс Монголоос өөр хаана ч байхгүй. Өндөр хөгжилтэй улсууд бүгд өөрсдийнхөө өв уламжлалыг авч үлдэхийг хичээж байна. Олон улсын олимпын хороо WADA энэ охинд ямар шийтгэл оногдуулахыг хараарай өмбүүнээд ээ. Жич: Батсуурь аваргыг энэ охинтой харьцуулах гэсэнгүй. Илэрсэн бодис нь ижил учраас олон улсад ямар шийтгэл оногдуулахыг нь харцгаая” гэсэн байна.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Н.Батсуурь аварга болон Камила Валиевагийн шинжилгээнд илэрсэн триметазидин гэх бодис Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан “Спортод хориглосон бодисуудын жагсаалт”-д багтсан.

📌Уг жагсаалтын “Даавар ба бодисын солилцоо” хэсгийн 4.4-т триметазидин гэж оруулсан байна. /зураг болон холбоосыг хавсаргав/

2. Олон улсын спортын арбитрын шүүх Камила Валиеваг “Олимпын үеэр бус 2021 оны 12 дугаар сард өгсөн допингийн эсрэг шинжилгээний хариу эерэг гарсан” учраас цааш үргэлжлүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн Камила Валиева нь 16 нас хүрээгүй учир Дэлхийн допингийн эсрэг кодын (WADC) дагуу “Хамгаалагдсан хүн” /Protected Person/ ангилалд хамаардаг.

📌Дэлхийн допингийн эсрэг кодын 10.6.1.3-д “Эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд “хамгаалагдсан хүн” тодорхой хариуцлага хүлээлгүй зэмлүүлэх, эрхээ хасуулахгүй байх эсвэл тамирчны гэм буруугийн зэргээс хамааран дээд тал нь хоёр жил эрх хасна” гэж заажээ.

📌Олон улсын спортын арбитрын шүүх Камила Валиеваг олимпод үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасан шалтгаандаа “2021 оны 12 дугаар сард хийсэн допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь биш, харин Өвлийн олимпын наадмын дундуур мэдэгдсэн нь тухайн тамирчны буруу биш бөгөөд эрх ашгийг нь хамгаалах эрх зүйн тодорхой шаардлагыг зөрчсөн ноцтой асуудал” гэж үзсэнээ дурдсан байна.

3. “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэм”-д Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх заалт бий.

📌Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 9.3.5-д “Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;” 9.3.6-д “Олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах” гэж заасан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document