Хэмнэв гэсэн лоозон барьсан залуусыг гэрээс нь баривчилжээ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

👉Мөнгөн тэмдэгтээр үг бичсэн жагсагчдад Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хүлээлгэх хариуцлага байхгүй

[Төөрөгдүүлсэн] 2022 оны 04 дүгээр сарын 8-нд zuv.mn сайтад “Хэмнэв гэсэн лоозон барьсан залуусыг гэрээс нь баривчилжээ” гэх гарчигтай мэдээ оруулсан нь 04 дүгээр сарын 12-ны байдлаар Facebook платформд нийт 2944 хариу үйлдэл аваад байв. Үүнийг 14 групп болон пэйжид шэйрлэснээс Зөв.мн нэртэй өөрийн пэйжид “Өчигдөр төв талбайн жагсаалын үеэр ХЭМНЭВ гэсэн лоозон барьсан залуусыг дөнгөж сая цагдаагийн байгууллагын гурван алба хаагч гэрээс нь баривчлан авч явсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ” гэсэн тайлбартай оруулсан нь 1.2 мянган реакц, 139 сэтгэгдэл авч 680 удаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид өмгөөллийн Fidelitas Partners Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Үндэсний мөнгөн тэмдэгттэй холбогдох харилцааг “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай”, “Төв банк /Монголбанк/-ны тухай” зэрэг хуулиудаар зохицуулдаг. Эдгээр хуулиудад үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн хэрэглээг тодорхойлохдоо,
📌"Бараа, ажил, үйлчилгээ үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх" гэж заасан.
👉Эдгээр хуульд төгрөгийг гүйлгээнээс бусад зориулалтаар ашиглахыг хориглоно зэрэг заалт байхгүй.

✅Зөрчлийн тухай хуульд үндэсний мөнгөн тэмдэгттэй холбоотой:
📌"Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнаагүй;" /11.18.1.3/
📌"...Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй" /11.30.1.1/
👉Эдгээр зөрчлөөс өөр үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс бусдаар ашигласан, эсхүл зориулалтын бусаар ашигласан гэх мэт зөрчил байхгүй байна.

✅Эрүүгийн хуульд:
📌"Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх" /18.2-т/,
📌"Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах" /18.7-д/ гэсэн гэмт хэргүүдэд хариуцлага хүлээлгэхээр байна.
👉Тэгэхээр мөнгөн тэмдэгтээр үг бичсэн жагсагчдад Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хүлээлгэх хариуцлага байхгүй.

📌Шалгаж буй мэдээлэлд “Өчигдөр төв талбайн жагсаалын үеэр ХЭМНЭВ гэсэн лоозон барьсан залуусыг дөнгөж сая цагдаагийн байгууллагын гурван алба хаагч гэрээс нь баривчлан явсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар: “Гадаа нь ирж уулзаад цагдаа нар утсыг нь булааж авах гэж оролдсон” гэлээ. Баривчлагдсан иргэн: “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс залгаад уулзах хэрэгтэй байна гэсэн. Хэсэг хугацааны дараа хаалга нүдээд онгойлгосон чинь гурван энгийн хувцастай алба хаагч цагдаагийн тэмдгээ үзүүлээд гадаа гараад уулъя гэсэн. Гараад уулзахад машиндаа суулгаад “За одоо явна” гэсэн. Тухайн үед утсаараа бичлэг хийгээд байсан чинь утас булааж аваад, хүч хэрэглэх процесс руу шилжсэн. Машиндаа чихэж суулгаад одоо явна гэсэн. Эсэргүүцэл үзүүлсээр байж гэртээ орж ирээд хувцсаа солиод одоо дуудсан газар руу нь явж байна” гэв” гэсэн байна. Тиймээс төөрөгдүүлсэн гарчиг ашигласан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst