Анхаар, тэтгэврийн нэмэгдэл ингэж бодогдоно гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Төөрөгдүүлсэн]
☝Анхаарал татсан гарчигтай, дарж орсон хандалтын тоогоор ашиг олдог click сайтуудын жишээ болох мэдээллийг сэрэмжлүүлж байна.
👉2022 оны 04 дүгээр сарын 19-нд “Тэтгэврийн нэмэгдэл ингэж бодогдоно, дарж ороод…” гэсэн тайлбартайгаар холбоосыг Amway Mongol нэртэй пэйжид постолсон нь 234 реакц, 31 сэтгэгдэл авч, 189 удаа цааш хуваалцсан байна.
📌Уг мэдээлэл нь “Өнөөдрөөс өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр бодож, иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж байгаа. Ингээд НДС-аас олгох болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор Засгийн газраас шийдвэрлэсэн болохыг НДЕГ-аас мэдээллээ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 1-ний 63 дугаар тогтоолоор “Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай” гэж заасны дагуу нэмэгдсэн хэмжээгээр одоо тооцож буй.

👉Харин энэ мэдээлэлд хугацааг тодорхой заагаагүйгээс дахин нэмэгдэх болсон мэтээр агуулгыг төөрөгдүүлжээ.

👉Мэргэжлийн редакцын үйл ажиллагаанаас ялгаатай, агуулга, найруулгын алдаатай мэдээллүүдийг байнга оруулдаг, гарчигт үйлдэл хийхийг уриалдаг энэ төрлийн сайтуудын бусдаас ялгардаг нэг онцлог шинж нь “Та дарж ороод…” гэх уриалга хэрэглэдэг явдал юм.

📌Та бүхэн ямар ч содон гарчигтай, сонирхол татсан мэдээлэл байсан ч холбоосоор дарж орохыг уриалсан байвал татгалзаарай. Учир нь таны хандалт хуурамч мэдээллээр ашиг олдог этгээдүүдэд хувь нэмэр оруулдаг төдийгүй нууцлалгүй сайтаас хувийн мэдээллийг чинь авах хүртэл эрсдэлтэйг анхаараарай.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst