Ургасан ясны ургалтыг зогсоож үе мөчний өвчин намдаах, үрэвсэл маш сайн дардаг Америк тос гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал]
2022 оны 03 дугаар сараас эхлэн “Органик Баталгаатай Алое” нэртэй хаягаас Aloe Heat Lotion тосыг борлуулахаар сурталчлахдаа “Ургасан ясны ургалтыг зогсоож үе мөчний өвчин намдаах, үрэвсэл маш сайн дардаг Америк тос маань дахин цөөхөн ирлээ. Яс ургасан, үе мөч, нуруу өвдөөд байгаа хүмүүс тос гэж коммент бичээд мэдээлэл аваарай” гэсэн байна. Зөвхөн энэ хаягаар 03 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 5-нийг хүртэл орон нутгийн группүүд рүү шэйрлэсээр байна. /түгсэн байдлыг зургаас харна уу/

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалаа.

📌Үйлдвэрлэгч компанийн танилцуулгад ясны ургалтыг зогсоож үе мөчний өвчин намдаах эмчилгээний заалт байхгүй.

📌2020 оны 06 дугаар сарын 10-нд Forever Living Products компанийн албан ёсны пэйжид Aloe Heat Lotion тосны талаар мэдээлэл оруулахдаа: “Энэхүү баялаг бүтэцтэй, тослог багатай лосьон нь таныг гүн тайвшруулна. Мөн булчин суллах массаж хийхэд хэрэглэхэд тохиромжтой. Aloe Heat Lotion зуун наст болон ментолын агууламжтай тул сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Харин эвкалипт гэх найрлага нь анхилуун үнэртэй бөгөөд булчинг суллах үйлчилгээтэй” гэсэн тайлбартай оруулжээ.

✅Үйлдвэрлэгч компанийн тухай:

📌1978 онд Рекс Мауган үүсгэн байгуулсан Forever Living Products нь эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 160 гаруй улсад борлуулдаг компани юм. Зуун настын тариалалтын дэлхийн нийт талбайн 98 хувийг тус компани дангаараа эзэмшдэг ба өмнөд Техасийн Рио гранд, Домникан улс, Мексикийн хуурай цөлийн асар уудам тариалангийн талбайд зуун настыг тариалж, ургуулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүх үйл явцыг эрдэмтэн судлаач, мэргэжлийн эрх бүхий эксперт хянагчдын хатуу хяналтын дор явуулдаг.
📌Үүсгэн байгуулагч Рекс Мауган нь “Forbes” сэтгүүлээс тодруулдаг дэлхийн 100 тэрбумтны жагсаалтанд байнга багтдаг.
📌Зуун настын нэг сорт болох алое “Барбаденсис миллер” нь ДЭМБ, Олон Улсын Зуун Настын Шинжлэх Ухааны Зөвлөлөөс шилдэг сортоор шалгарч түүхэнд хамгийн анхны сертификатыг авсан байна.

📌2020 оны 06 дугаар сарын 11-нд foreverliving.mn сайт дахь Aloe Heat Lotion тосны танилцуулгын холбоосыг Enkh-Otgon Ganbaatar нэртэй хэрэглэгчийн хаягаар фэйсбүүкт оруулсан байна. Уг холбоосыг дарж вэбсайт дахь мэдээлэлд нэвтэрч ороход:
* Арьсны гүнд маш хурдан шингэдэг. Халуун оргиулж, булчин сулруулж, өвчин намдаадаг тул дасгалжуулагч, массажистууд өргөн хэрэглэдэг.
* Ясны ургалтанд түрхэж иллэг хийх, хатгаа болон ханиад томууны үер цээжээр өвдөх үед цээжиндээ түрхвэл үрэвсэл намдана.
* Өвдөг, тохой, гарын сарвуу, нурууны өвдөлт, шүд өвдөх, мэдрэлийн гаралтай бүх төрлийн өвдөлтөнд хэрэглэнэ.
* Зөөлөнэдийн битүү гэмтэл, бэртэлт, булгаралт, шөрмөс сунах, татах үрэвсэхэд иллэг хийж түрхэнэ гэсэн тайлбартай 38,762 төгрөгийн үнэтэй гэх мэдээлэл оруулсан байна.
☝Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн вэбсайтад тайвшруулах, булчин суллах зорилгоор массаж хийх үед хэрэглэхэд тохиромжтой гэсэн тайлбар байгааг анхаарна уу.

✅Монгол дахь салбар компанийн тухай:
📌Forever Living Products компани нь 2011 оны 09 дүгээр сарын 26-нд манай улсад АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай худалдааны салбараа албан ёсоор нээсэн тухай foreverliving.mn вэбсайтад бичжээ.
📌Forever Living Products компанийнАлбан ёсны төлөөлөгчийн газруудын нэгдсэн мэдээллийг агуулсан баримт бичгийн 83 дугаар хуудсанд Монгол дахь худалдааны газрыг “Forever Living Products Mongolia LLC” гэж мэдээлэл оруулсан байна.
📌Энэ нь “Форевер ливинг продактс монголиа” ХХК нэрээр 2011 оны 03 дугаар сарын 28-нд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-д Гүйцэтгэх захирлаар Мауган Грег Эллиотт гэж бүртгэгдсэн компанийн тухай мэдээлэл байна.
Тус компанийн бүртгэлд 2020 оны 03 дугаар сарын 31-нд шинэчлэлт хийж, эцсийн өмчлөгчөөр Ц.Халиунжаргал гэсэн нэмэлт бүртгэл хийжээ.

📌2022 оны 05 дугаар сарын 6-ны 11:00 цагт Forever Living Products компанийн Монгол дахь албан ёсны худалдааны газар гэж бүртгэгдсэн хаяг дахь 70115859 дугаарын утсаар өөрийгөө зөвлөх эмч Д.Бямбасүрэн гэж танилцуулсан хүнтэй холбогдож тодруулга авлаа.
📌Тэрбээр, “Forever Living Products компанийн бүтээгдэхүүнүүд бол эмчилгээний бус урьдчилан сэргийлэх зорилготой. Манайхаас бүрээгдэхүүн авдаг маш олон борлуулагч бий. Тэд өөр өөрсдийн хаягаар бүтээгдэхүүний сурталчилгаа хийж байгаа. Хэрэглэгчдийн дунд туршигдсан, бидэнд сэтгэгдлээ хэлсэн тохиолдлууд бий. Aloe Heat Lotion-ийг монголчууд “Халуун тос” гэж нэрлэдэг. Гааны навчийн найрлагатай тул түрхэж иллэг хийхэд халуу оргидог. Зарим хүн сэрүү татаж байна ч гэж хэлдэг. Жижиг гэмтэл бэртэл авсан даруйдаа түрхэхэд өвчин намдаадаг тул тамирчид их хэрэглэдэг. Манайд одоогоор дууссан, эрэлт ихтэй бүтээгдэхүүн тул ирсэн даруйдаа дуусдаг” гэв.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst