Үсэглэлийн баярын үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барилаа гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны 05 дугаар сарын 14-нд Дашзэвэгийн Нити нэртэй хэрэглэгчийн хаягаас “Үсэглэлийн баярын үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барилаа” гэх тайлбартай, УИХ-ын дарга Г.Занданшатар болон БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зурагтай пост оруулсан нь 05 дугаар сарын 17-ны байдлаар 1,000 реакц, 19 сэтгэгдэл авч, 943 удаа цааш түгээгджээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Уг постод ашигласан зураг нь өнгөрсөн парламентын үед буюу “УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа” гэх мэдээллийн зураг байгааг google image search хийж мэдэж болно.

📌УИХ-ын Тамгын газраас эрхлэн хөтөлдөг parliament.mn албан ёсны вэбсайтад 05 дугаар сарын үйл явдлын мэдээлэл дунд БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуулийн төсөл өргөн барьсан тухай агуулга байхгүй байна. Мөн БСШУЯ-ны вэбсайтад ийм мэдээлэл байхгүй байна.

📌05 дугаар сарын 15-нд Л.Энх-Амгалан сайд өөрийн 191 мянган дагагчтай “Энх-Амгалан Лувсанцэрэн” нэртэй албан ёсоор баталгаажуулсан цэнхэр тэмдэглэгээтэй /public figure/ хаягаар шалгаж буй мэдээллийн зургийг аваад “Монголд их тархсан фэйсбүүкийн нэг шинэ вирус гэсэн шүү. Гоё сэтгэсэн байна шд ээ. Кккк. Ирэх 7 хоногийн ажил, үйлсэд нь эрч хүч, амжилт, бүтээлийн дээдийг хүсье” гэсэн тайлбартайгаар оруулжээ.
📌Энэ агуулга нь “фэйсбүүкийн нэг шинэ вирус” гэх зүйрлэсэн үгээ хашилтад бичээгүйгээс зарим хүнд шууд утгаар нь ойлгогдож болзошгүй ч далд утгаар хуурамч мэдээлэл гэдгийг илэрхийлсэн байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst