Аажмаар үхэлд хүргэх химийн хорт бодис цацсан хэргээр Бээжинг хорьжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны 05 дугаар сарын 13-нд zarig.club домайн хаягтай сайтад “Аажмаар үхэлд хүргэх химийн хорт бодис цацсан хэргээр Бээжинг хорьжээ” гэх мэдээлэл гарсан нь 05 дугаар сарын 16-ны байдлаар 2193 хариу үйлдэл аваад байна. Үүнээс 1387 удаа реакц дарж, 758 сэтгэгдэл үлдээн, 48 удаа цааш түгээж идэвхжүүлжээ. Уг мэдээнд, “Уг цацсан зүйл гурил мөн, биш болохыг шинжилгээнд өгсөн гэж хэвлэлээр шуугиад байгаа юм. Тэгвэл шинжилгээний хариу гарсан талаар нэгэн иргэн өөрийн цахим хаягтаа мэдээлжээ. Тэрээр “Аажмаар үхэлд хүргэх химийн хорт бодис цацсан “бээжин” гэх этгээдийг цагдан хорилоо. ЦЕГ, ТЕГ сайн ажиллажээ баярлалаа” хэмээжээ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид өмгөөллийн Fidelitas Partners Фиделитас Партнерс ХХН-ийн тусламжтайгаар дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан жагсаалын үеэр үг хэлж байсан иргэн Д.Сосорбарам руу цагаан өнгийн нунтаг зүйл цацсан иргэн Х.Бээжинг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа, харин цагдан хориогүй.
📌Түүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8-д заасан “хүний биед халдах, олон нийтийн газар зүй бусаар бие авч явах” үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
📌Х.Бээжин 05 дугаар сарын 16-нд “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үеэрээ цагдаад шалгуулж байгаагаа ярьсан байна.

✅Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээснээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа тоологдож эхэлнэ. Тус хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хугацаа 14 хоног байх ба нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан (цагдаа) 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. Энэ хугацаанд тухайн этгээдийн үйлдэл зөрчлийн шинжтэй эсэхийг шалгана.
✅Мөн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан

1/ зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох,

2/ шийтгэл оногдуулах,

3/ Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргадаг.
📌/Зөрчлийн тухай хуулийн 3.2.3-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн байна/

👉Тиймээс зөрчлийн хэрэг нээснээр шууд торгох, эсхүл цагдан хорино гэсэн үг биш. Тухайн үйлдэл нь зөрчлийн шинжтэй эсэхийг шалгах процесс эхэлж байна гэсэн үг. Харин тус үйлдэл зөрчлийн шинжтэй тохиолдолд тухайн зөрчлийн хариуцлагыг оногдуулна.

📌Шүүх шинжилгээний үндэсний төвөөс 05 дугаар сарын 16-нд жагсаалын үед хэрэглэсэн цагаан нунтаг бодисын шинжилгээний хариу гарсан. Уг мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад, “Цагаан өнгийн, нунтаг, үнэргүй, хүчиллэг чанар нь 4 хувийн агууламжтай байгаа нь хүнсний зориулалтаар хэрэглэдэг улаан буудайн гурилтай ижил байна. Тухайн нунтагт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, химийн хүчтэй хүчил, шүлтийн агууламж илрээгүй" гэж дүгнэлт гарсан гэдгийг баталлаа.

👉Стандартчилал хэмжил зүйн газраас гаргасан “Буудайн баяжуулсан гурилын техникийн ерөнхий шаардлага”-д улаанбуудайн гурилын найрлага нь хүчиллэг чанар 3.5-4 хувь байх ёстой гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst