Хорт хавдар үүсгэгч идээтэй махнаас болгоомжил гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны 05 дугаар сарын 9-нд uguulleg.com домайн нэртэй сайтад “Анхаар: Зүүн аймгуудаас мах авалтгүй болсон байна. Хорт хавдар үүсгэгч идээтэй махнаас болгоомжил” гэсэн тайлбартай мэдээлэл оруулжээ. 05 дугаар сарын 23-ны байдлаар уг мэдээллийг Facebook платформд 518 хариу үйлдэл авсан байна.
📌Уг мэдээлэлд, “Зүүн аймгуудаас мах авалтгүй болжээ. Дорнод аймгийн малчид товруутах өвчинтэй малаа хууль бусаар оруулж ирсэн хятад тариа хийж, шинж тэмдгийг нь арилгаад махны зах зээлд нийлүүлсээр байна. Товруутах өвчин эдгэдэггүй өвчин тул заавал устгалд оруулах шаардлагатай байдаг. Сүүлийн үед Дорнод, Сүхбаатараас хямд мах ихээр орж ирэх болсон нь үүнтэй холбоотой байж мэднэ. Хорт хавдар үүсгэгч идээтэй махнаас болгоомжил. Хямдхан болохоор нь ЕБС-ийн хүүхдүүдийн үдийн хоол хийх гэж авсан” гэх мэтээр бичжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌2017 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малын эмч нарт зориулан гаргасан “Үхрийн арьс товруутах өвчний үед хээрийн нөхцөлд малын эмч нарын хэрэглэх гарын авлага”-д /Lumpy skin disease/ “Уг өвчин нь хүний биед нөлөөгүй” гэдгийг тодорхойлсон.

📌2022 оны 05 дугаар сарын 13-нд Мал эмнэлгийн ерөнхий газраас Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтыг өвчний гол дамжуулагч ялаа шумуулын нислэгийн идэвхжилт ихсэхээс өмнө эрсдэл бүхий Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нийт 1,1 сая үхэр сүргийг хамруулахаар төлөвлөж, дархлаажуулалтыг 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байгаа тухай мэдээлэл гаргажээ.

📌2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганд ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөхдөө “...Урд өмнө нь гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин гэж гарлаа. Энэ өвчин өмнө нь Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй. Хилээр импортлогдож орж ирсэн… Түүнчлэн энэ өвчнийг гоц халдварт өвчинд бүртгэсэн. Энэ хүрээнд эмчлэх боломжгүй 769 үхрийг устгалд оруулж, 93.4 мянган үхрийг вакцинжуулсан. Энэ өвчин Дорнод аймгийн 13, Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг нийт гурван аймгийн 19 суманд 59 голомт бүртгэгдсэн. Хариу арга хэмжээг сайн авсны үр дүнд аравдугаар сарын 4-өөс хойш нэмж бүртгэгдээгүй. Халдварын идэвхжил буурч байна" гэж хэлж байжээ.

👉 Нэмэлт мэдээлэл:

📌Үрхийн арьс товруутах өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг. Нарны шууд гэрэлд тэсвэр муутай. Харин чийглэг, харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна.
📌Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсдэг.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst