“2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[ТӨӨРӨГДҮҮЛСЭН] Бидэнд “2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ” гэсэн гарчигтай www.updown.mn сайтад 2020 оны 8-р сарын 1-ны өдөр нийтлэгдсэн мэдээллийг шалгуулах хүсэлт ирсний дагуу баримтын шалгалт хийснээ мэдээлж байна.
#FactCheckedByMFCC

Мэдээллийн анхдагч эх сурвалжийг шалгаж үзвэл “中國未來50年裡必打的六場戰爭” буюу “Ойрын 50 жил доторхи Хятадын эхлүүлэх зургаан дайн” гэх гарчигтай нийтлэл одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 оны 7-р сарын 29-нд Хятадын батлан хамгаалах, цэрэг армийн томоохон портал сайтуудын нэг www.xilu.com цахим хуудсанд анх нийтлэгдсэн байна. Цэрэг армийн талаар дурын цахим хэрэглэгч өөрийнхөө бодлоо хуваалцах боломжтой тус сайтад “superjc“ гэсэн хаягаас нийтлэсэн байна. Үүнээс хойш урд хөршийн интернет хэрэглэгчдийн дунд тархаж, 2013 онд Хятадын Wenweipo сонинд нийтлэгдсэн нь барууныхны анхаарлыг татаж, тус нийтлэл англи хэлнээ хөрвүүлэгдэн түгээгдэх болсон байна. Манай уншигчийн бидэнд ирүүлсэн нийтлэл бол Монгол хэл рүү хөрвүүлэгдэн түгээгдэж байгаа анхны тохиолдол биш бөгөөд энэхүү нийтлэлийг www.time.mn 2015 оны 10-р сарын 13-нд “Хятад Монголыг 2045 онд эзэлнэ“ гэсэн гарчигтайгаар нийтлэгджээ.

Гэхдээ интернетэд түгсэн байдлыг нь шалгаж үзэхэд анх нийтлэл Mandarin буюу төв хятад хэлээр нийтлэгдсэн ч цахим орчинд Тайван, Хонг конг, Макаочуудын хэрэглэдэг Cantonese-оор илүү түлхүү түгээгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Хятадын тусгай захиргааны мужийн интернет хэрэглэгчид улс төрийн тодорхой зорилгоор түгээсэн гэж үзэж болохоор байгаа юм. Албан ёсны эх сурвалжууд болох Хятадын цэргийн мэдээллийн албан ёсны сайт, Хятадын үндэсний батлан хамгаалахын яам болон ардын чөлөөллөх армийн цахим хуудас зэрэг цахим сангуудаас энэ нийтлэлтэй холбоотой мэдээлэл олдсонгүй. Энэ бүхэнд үндэслэн мэдээллийн анхдагч эх сурвалж баталгаатай биш гэж үзэхэд хүрлээ.

Нэгдүгээрт: Монгол хэл дээрх нийтлэлийн гарчиг “2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ” гэсэн байсан нь Хятадын албан ёсны байр суурь мэтээр буруу ойлгогдохоор байгаа. Мөн анхдагч эх сурвалж болсон хятад хэл дээрх нийтлэлд 2045 онд нэгтгэнэ гэж баттай хэлсэн зүйл байхгүй бөгөөд хувилбар дэвшүүлсэн төдий байсныг онцлох хэрэгтэй.
Хоёрдугаарт: Монгол хэл дээрх нийтлэлд Засгийн газартаа тусгай албан тушаал бий болгож асуудал боловсруулах хэсэг томилно гэж дурдсан байна. Энэ талаар хятад болон англи хэл дээр нийтлэлд аль алинд нь дурдаагүй орчуулагчийн хувийн үзэл бодол нэмэгдсэн байв.
Гуравдугаарт: Нийтлэлд Монгол улсын тусгаар тогтнолыг Хятад улс хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд Монголыг Хятдад эргэн нэгтгэх тухай зохиолчийн хувь хүнийх нь өөрийнх нь үзэл бодол цухалзайж байсныг бас онцлон анхаарвал зохилтой юм.

Уншигч танд энэхүү нийтлэлийг Хятад хэлээр нь эсвэл Англи хэл рүү хөрвүүлсэн хувилбараас нь уншвал орхигдсон зарим агуулгыг ялган харах боломжтой байх болов уу гэж үзэн холбогдох цахим холбоосуудыг коммент хэсэгт орууллаа. Шаардлагатай гэж үзвэл MFCC Хятад-Монгол орчуулгыг хүргэж болно.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst