Шинэ Зеландад хатуу хөл хорионы хугацаанд коронавирусийн тохиолдол ТОГТМОЛ БУУРСАН гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ерөнхий сайдын зөвлөх өөрийн фэйсбүүк хаягаар дэлхийн зарим улсын тухай ташаа мэдээлэл түгээснийг баримтаар нягталж худал болохыг тогтоолоо. Шинэ Зеланд улсыг коронавирусын халдвар тогтмол буурсан ба Швед нас баралтаараа тэргүүлж байна гэх утгыг ДЭМБ-ын сайт болон тухайн улсуудын засгийн газрын албан ёсны сайтын мэдээллээр няцаалаа.

Баримт шалгалтын үр дүн

2020 оны 12 дугаар сарын 6-нд Үйлстөгөлдөр Алтанхуяг Facebook хаягаас “Шинэ Зеландын 49 хоногийн хатуу хөл хорионы хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан бол хөл хорио тогтоогоогүй Швед улс нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна” гэж постолсныг баримт нягтлах үед 32 удаа хуваалцаж, 63 сэтгэгдэл аваад байна. Уг хаягийг эзэмшигч нь Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал хашдаг тул олон нийт түүний цахим орчиндоо нийтэлсэн хувийн үзэл бодлыг Засгийн газрын байр суурь гэж хүлээж авах эрсдэлтэй. Энэ удаагийн постод “хөл хориог сунгах нь дээ” гэсэн хариу үйлдэл сэтгэгдлийн 70 орчим хувьд илэрчээ. Мөн дээрх мэдээллээс үүдэж, дэлхийн улсуудын COVID-19-ийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ДЭМБ-ын тооцооллын талаар ташаа ойлголттой үлдэж болзошгүй тул баримтын шалгалт хийлээ.

“Шинэ Зеландын 49 хоногийн хатуу хөл хорионы хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан” гэдэг нь #ХУДАЛ.

Шинэ Зеланд улсад хоёрдугаар сарын 28-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, гуравдугаар сарын 25-нд сэрэмжлүүлгийн IV түвшинд шилжүүлж, орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Дөрөвдүгээр сарын 27-нд сэрэмжлүүлгийн III түвшинд, тавдугаар сарын 13-нд II түвшинд буулгаж, зургадугаар сарын 8-наас I түвшинд буюу хилийн хязгаарлалтаас бусад хориог сулласан. Энэ хугацаанд “шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан” гэдэг нь худал мэдээлэл.
Тодруулбал гуравдугаар сарын 26-нд 85 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс хоёр хоногийн дараа 146 шинэ халдвар илэрсэн нь “хатуу хөл хорионы хугацаанд тогтмол буурсан” үзүүлэлт биш. Улмаар гуравдугаар сарын 31-нд 81 халдвар шинээр илэрсэн бол дөрөвдүгээр сарын 5-нд 89 болж өссөн байна. Ингэж үечилж илэрсээр дунд хугацаандаа халдварын тоо буурч 49 хоногийн дараа буюу тавдугаар сарын 13-нд шинээр халдвар илрэлгүй хоёр хоносон байв.

“Хөл хорио тогтоогоогүй Швед улс нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна” гэдэг нь #ХУДАЛ мэдээлэл.

ДЭМБ-ын worldometer.info сайтаар улсуудын COVID-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэн гаргадаг. Уг жагсаалтад 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар АНУ-д 17,392,618 халдвар бүртгэгдэж, 314,577 хүн нас барсан тоогоор тэргүүлж байна. Харин Швед улс 348,585 халдвар бүртгэгдэж, 7,802 хүн нас барсан үзүүлэлттэй 35 дугаарт жагсаж байна.

“Хөл хорио тогтоогоогүй” гэдэг нь мөн #ХУДАЛ мэдээлэл.

100 дугаар сарын 22-нд Шведийн засгийн газрын албан ёсны сайтад хилийн хоригийг 2020 оны 12 дугаар сарын 22 хүртэл сунгах шийдвэр гаргасныг мэдээлсэн.
Folkhälsomyndigheten буюу Шведийн Нийгмийн эрүүл мэндийн агентлагт COVID-19-ийн эсрэг бүх арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар нь олгосон. Энэ агентлагийн гаргасан шийдвэрийг улстөрчид цуцлах, өөрчлөхийг хориглодог. Агентлагийн зөвлөгөөний дагуу засгийн газар нь 50-иас дээш хүнтэй ​​цугларалтыг түр хугацаагаар хориглох, хүмүүсийг асрамжийн газарт очихыг хориглох, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудыг цахимаар хичээллүүлж, биечлэн очихыг хориглох зэргээр цугларах эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж баталсан тухай шийдвэрүүдийг Шведийн засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, COVID-19-ийн талаарх мэдээллийг нэгтгэсэн regeringen.se цахим хуудаст тухай бүрт нь мэдээлж байв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document