Вакцин тариулсан сувилагч нас барсан гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2021 оны нэгдүгээр сарын 2-нд Gz Gz нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “АНУ-Германы хамтарсан ( презер ) /Pfizer гэх гэсэн бололтой/ нэртэй вакциныг АНУ-ын сувилагч бүсгүй тариулаад 17 минутын дараа камерын өмнө нас барсан байна. Туршилтын туулай болох хэрэггүй! Оросын вакцинд бол итгэнэ...бусдыгаа ойлготол нь ТҮГЭЭНЭ үү гэнэ!!!!” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь нэгдүгээр сарын 7-ны 13:00 цагийн байдлаар 5.3 мянган удаа хуваалцаж, 202 сэтгэгдэл авсан байна. Постоо оруулснаас хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд засвар хийж “гэнэ” гэдэг үг нэмжээ.
Уг постод ашигласан бичлэг нь Tik Tok платформд тасалж оруулсан ба “Медсестре сделали вакцину COVID19. И через 17 минут после вакцины скончалась на месте” буюу “Сувилагч COVID-19-ын вакцин хийлгэснээс 17 минутын дараа газар дээрээ нас барав” гэсэн тайлбартай байна.
#FactCheckedByMFCC

Бид дараах байдлаар баримтын шалгалт хийлээ.

      📌2020 оны 12 дугаар сарын 19.
Дээрх Gz Gz нэртэй Facebook хэрэглэгчийн оруулсан бичлэгийг Amnesty International-ын Youtube DataViewer хэрэглүүрт оруулж шалгахад 2020 оны 12 дугаар сарын 19-ний 10:07 минутад /орон нутгийн цагаар/ оруулсан байв. .
      📌2020 оны 12 дугаар сарын 18.
-Оросын Нэгдүгээр сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр “АНУ-ын сувилагч COVID-19 вакцин хийлгэсний дараа ухаан алдаж унав” гэж мэдээлсэн. Энд “АНУ-д вакцины асуудал байсаар байна. Теннеси дахь эмнэлгийн сувилагч вакцин хийлгэсний дараа эфирийн өмнө ухаан алдан унажээ” гэж мэдээлэв.
Уг мэдээний үзэлт 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар 62,841 болжээ. /Бичлэгийг доод хэсгээс/.
      📌2020 оны 12 дугаар сарын 18.
Харин АНУ-ын CBS телевизийн Inside Edition youtube сувгаар сувилагч бүсгүй нас бараагүй ба ухаан алдаж унаснаа тайлбарласан бичлэгийг оруулсан байна.
Сувилагч хэт мэдрэг хүн бөгөөд, аливаад амархан реакц үзүүлдэг. Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн долоо хоногт л гэхэд зургаан удаа ухаан алдаж унасан тухайгаа ярьжээ. Энэ бичлэг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар 2,033,520 үзэлттэй болжээ. /Бичлэгийг доод хэсгээс/.
      📌2020 оны 12 дугаар сарын 19.
Ройтерс агентлаг вакцин хийлгэсний дараа сувилагч нас барсан гэх мэдээлэлд баримтын шалгалт хийжээ. /Ройтерсийн баримт шалгалтыг доод хэсэгт линкээр үзнэ үү/

      “Алабама мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас COVID-19 вакцин хийлгэсэн мужийнхаа бүх эмнэлгүүдтэй холбоо барьж вакцин хийлгэсэн хүн нас бараагүй болохыг батлав” гэжээ. /Алабама мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас гаргасан мэдэгдлийг зургаас харна уу./

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst