Энэтхэгт вакцины үйлдвэрийн өртгөтгөл шатсан нь #ҮНЭН, гэхдээ COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй

[ҮНЭН] 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Саруулхан Official нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаар “Монголд вакцин өгнө гэж байсан Энэтхэг эмийн үйлдвэр шатчихлаа гэнээ. Ёстой заяа нь хаячихсан юм бэ” гэж жиргэсэн нь 16 retweet, 70 like аваад байна. Мөн Facebook хэрэглэгчдийн дунд энэ мэдээлэл хурдтай тархсан. /мэдээлэл түгээсэн байдлыг зургаас харна уу/
Монголын сошиал хэрэглэгчид тус үйлдвэрийн барилга шатсан нь манайд вакцин нийлүүлэхээр тохирсоныг талаар болголоо гэх утгаар пост оруулж байсан тул мэдээллийн бодит байдлыг шалгалаа.
#FactCheckedByMFCC

🔎 1. 2021 оны нэгдүгээр сарын 22-нд BBC болон бусад гадны сайтуудад уг мэдээллийн талаар нийтлэснийг шалгаж үзэхэд гал гарсан нь үнэн болох нь тогтоогдсон. Эх сурвалжуудын мэдээлсэнээр “COVID-19 вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд цар тахлын эсрэг илүү бэлтгэлтэй байхын тулд барьж буй өргөтгөлийн шинэ байгууламжид гал гарсан бөгөөд энэ нь COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй” гэж компанийн зүгээс мэдэгджээ. /Мэдээний дэлгэрэнгүйг орчуулж хавсаргав/

🔎 2. БНЭУ-аас Монгол Улсад вакцин нийлүүлэхээ тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди захидлаар илэрхийлсэн тухай мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-нд zasag.mn сайтад тавигдсан. Одоогоор Энэтхэгийн “Serum Institute” үйлдвэрт гарсан галын улмаас энэ тохиролцоо өөрчлөгдсөн тухай мэдээлэл гараагүй байна. /мэдээний холбоосыг дор оруулав/

Баримт шалгах явцад орчуулсан гаднын мэдээллийг хүргэж байна.

      Дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Энэтхэгийн “Serum Institute”-ийн баригдаж буй барилгад пүрэв гарагт гал гарсны улмаас дор хаяж таван хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдээлэв. COVID-19 вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд цар тахлын эсрэг илүү бэлтгэлтэй байхын тулд барьж буй өргөтгөлийн шинэ байгууламжид түймэр гарсан бөгөөд энэ нь COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэж компанийн зүгээс мэдэгджээ.
“Бид дөнгөж сая сэтгэл эмзэглэмээр мэдэгдэл хүлээн авлаа. Мөрдөн байцаалтын явцад энэ хэргийн улмаас хүний амь эрсэдсэн болохыг тогтоосон, тун харамсалтай байна. Нас барсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” гэж “Serum Institute”-ийн Гүйцэтгэх захирал Адар Поонавалла Twitter хуудсандаа жиргэжээ. /холбоосыг доор орууллаа/
Мөн тэрээр ийм гэнэтийн асуудалд бэлтгэлтэй байхын тулд нөөцөд хадгалсан хэд хэдэн үйлдвэрлэлийн байгууламжууд байгаа тул цаашдаа Covishield буюу Oxford-AstraZeneca вакциныг үйлдвэрлэхэд ямар нэг саад учрахгүй гэж мэдэгдсэн. Поонавалла өнгөрсөн сард Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа 2021 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 1.5 тэрбум тунгаас 2.5 тэрбум тун болгон нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногоос тарьж эхэлсэн Covishield нь Энэтхэгийн засгийн газрын вакцинжуулалтын хөтөлбөрт зөвшөөрөгдсөн хоёр вакцины нэг юм.
;Тус улс наймдугаар сарын эхэн гэхэд 300 сая хүнийг вакцинжуулахаар зорьж байна. Мөн бага, дунд орлоготой бусад улс “Serum Institute”-ээс Oxford-AstraZeneca вакциныг авах хүлээлттэй байгаа аж.

      Oxford-AstraZeneca вакцин нь шимпанзегаас гарган авсан энгийн ханиадны вирус (аденовирус гэж нэрлэдэг)-ийн арай сул хэлбэрээр бүтээгдсэн. Коронавирус шиг харагдуулахаар өөрчилсөн боловч өвчин үүсгэхгүй.
Вакциныг өвчтөнд тарихад дархлааны тогтолцоо эсрэг биет үүсгэж, коронавирусийн халдварыг илрүүлмэгцээ шууд устгахыг дэмждэг. Шинжлэх ухааны туршилтаар өндөр үр дүнтэй болохыг нь тогтоосон.
Мөн хэт хүйтэн температурт (-70С) байлгах ёстой Pfizer-аас ялгаатай нь Оксфордын вакциныг ердийн хөргөгчинд хадгалж болно. Ингэснээр вакцин түгээлтийг илүү хялбар болгох давуу талтай аж.
Оксфордын их сургуулийн судлаачид 2020 оноос ч өмнө янз бүрийн өвчнийг эмчлэх, дасан зохицох чадвартай вакцин бүтээхийн тулд олон судалгаа, туршилтын ажлыг эхлүүлжээ.
Үүний үр дүнд Оксфорд-AstraZeneca вакцин нь аюулгүй, 55-аас дээш болон бусад бүх насны хүмүүсийн дархлааны хариу урвалыг өдөөж чаддаг болох нь батлагдсан. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар (MHRA) бүтэн хоёр тунг хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд 62 хувийн үр дүнтэй гэж тогтоосон байна. Туршилтаар Pfizer вакцин 95 хувийн үр дүнтэй гарсан ч хоёр вакцины туршилт хийх хэлбэр харьцангуй өөр учир үр дүнг шууд харьцуулах боломжгүй юм.
Мөн 62 болон түүнээс доош хувийн үр дүнтэй байх нь 50 хувийн үр дүнтэй боловч хамгийн сайн үзүүлэлттэйд тооцогддог томуугийн вакцинаас илүү гэдгийг анхаарах хэрэгтэй.

📌Манай улсад нийлүүлэхээр тохиролцож, тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажлыг зохион байгуулж, вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцож буй энэ үед “Serum Institute” үйлдвэрт гарсан түймрийн улмаас Монголд энэхүү ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэх таамаглал худлаа болохыг дээрх баримтууд харуулж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst