Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1.5 сая тун вакцин хүлээн авна #ХУДАЛ

[ҮНЭН] 2021 оны хоёрдугаар сарын 1-нд itoim.mn сайтад “Энэтхэг улс Монголд 150 мянган тун вакцин нийлүүлнэ” гарчигтай мэдээ гарсан. Гэвч Twitter, Facebook хэрэглэгчдийн дунд “Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1,5 сая тун вакцин хүлээн авна” гэсэн өөр утгаар тархлаа. /түгээсэн байдлыг зургаас харна уу./
#FactCheckedByMFCC

     1. Цаг хугацааны хувьд хамгийн анх мэдээлэл оруулсан itoim.mn сайтын мэдээллийг бусад сайтууд болон Twitter, Facebook хэрэглэгчид цааш түгээсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь орчуулгын мэдээн дэх вакцины тун болон нийлүүлэх хугацаанаас бусад мэдээлэл, утга, дараалал, үгийн сонголт адилхан байна. /Жишээ харьцуулалтыг дэлгэрэнгүй хэсгээс уншина уу/
      2. Itoim.mn сайт уг мэдээллийн эх сурвалжийг Энэтхэгийн The Times of India болон The Print сайт гэж дурдсан байв. Эдгээр эх сурвалж дахь мэдээлэлд 📌Монгол руу нийлүүлэх вакцин 1.5 lakh буюу 150,000 тун /1.5 сая тун биш/ гэжээ. Гэхдээ хугацаа нь тодорхойгүй гэсэн байв.
/Lakh (/ læk, lɑːk /; товчилсон нь L; заримдаа lac гэж бичигддэг) нь Энэтхэгийн тооллын систем дэх зуун мянга (100,000) -тэй тэнцэх нэгжийг хэлнэ. Зарим тохиолдолд Энэтхэгийн 2,2,3 орноор бүлэглэх дүрмийн дагуу 1,00,000 гэж бичсэн байдаг/
     3. Facebook болон Twitter хэрэглэгчид itoim.mn сайтын мэдээний линкийг “Энэ долоо хоногт Энэтхэгээс 1,5 сая тун вакцин хүлээн авна” гэсэн тайлбартайгаар хуваалцсан байв. Гэвч мэдээн дотор тийм утга байхгүй.
      ***Эдгээрээс анхдагч эх сурвалж болсон itoim.mn алдаатай оруулсан мэдээллээ зассан байж болзошгүй гэсэн үндэслэлээр newsklaxon.org хэрэглүүрт шалгахад тухайн сайтыг бүртгүүлээгүй тул өнгөрсөн шинэчлэлийг харуулж болохгүй байв.
      📌Улмаар itoim.mn сайт руу хандахад нийтлэлч нь орчуулгаа хайнга хийсний улмаас тоо болон хугацааны алдаа гаргасан ба удалгүй залруулсан гэсэн юм.
      ***Харамсалтай нь энэхүү засварыг мэдээг хуулсан сайтууд огт анзаараагүй бөгөөд энэ долоо хоногт Энэтхэгээс 1.5 сая тун вакцин авна гэсэн ташаа мэдээллээ түгээсэн хэвээр байгаа юм.

      📌Itoim.mn-д: “Энэтхэгийн “The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар Монгол Улсад 150 мянган тун, Афганистанд 500 мянган, Никарагуад 200 мянга тун, Барбадост 100 мянган, Доминика улсад 70 мянган тун вакциныг тус тус нийлүүлэхээр төлөвлөж байгаа ч хугацаа нь хараахан тодорхой болоогүй байгаа аж” гэсэн бол,
      📌Өдрийн сонины цахим хуудас болох dnn.mn-д: “Энэтхэгийн “The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар энэ долоо хоногт багтаан Монгол Улсад 1.5 сая тун, Афганистанд 5 мянган, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг нийлүүлэх аж” гэсэн байна.
     📌updown.mn сайтад: “Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэг Улсаас вакцин хүлээн авах тухай мэдээлийг Itoim.мн сайт The Times of India, The Print сонины эх сурвалжтайгаар орчуулан хүргэлээ” гээд “Энэтхэгийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Оман улсад 100 мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Монгол, Афганистан тэргүүтэй таван улсад вакцины эхний ээлжийн тунг нийлүүлэхээр төлөвлөсөн байна” гэжээ.
    📌caaknews.mn сайтад “Энэтхэгийн “The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар энэ долоо хоногт багтаан Монгол Улсад 1,5 сая тун, Афганистанд 5 мянган, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг нийлүүлэх аж” гэж dnn.mn сайтынхтай ижил мэдээлэл оруулсан байна.

     1. Tweetdeck.twitter.com хэрэглүүрт “Энэтхэгээс вакцин” гэдэг түлхүүр үгээр хайлт хийхэд 26 Twitter хаягийн жиргээний илэрц гарч ирсэн бөгөөд Сэтгүүлч Доржоо хаягийн жиргээг гэхэд 44 хуваалцаж, 137 лайк дарсан байв.
   2. CrowdTangle хэрэглүүрээр сайтуудад гарсан мэдээг Facebook-т хуваалцсан байдлыг шалгахад itoim.mn-ий “Энэтхэг улс Монголд 150 мянган тун вакцин нийлүүлнэ” мэдээллийг нийт 733 удаа постолж, 122 шэйр хийсэн байв.
     3. Харин dnn.mn сайтын “Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1,5 сая тун вакцин хүлээн авна” гэх мэдээг найман удаа Facebook-т постолж, нэг шэйр авсан бол яг үүнтэй ижил мэдээлэл оруулсан updown.mn сайтаас 66 удаа Facebook-т постолж, 16 шэйр хийсэн байна. /илэрцийг зургаас харна уу/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst