“Нипа вирусийг дараагийн цар тахалд хүргэж болзошгүй” гэх таамгийг ДЭМБ дэвшүүлээгүй

   [ҮНЭН] 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр mass.mn сайтад ХУРДАЦТАЙ ТАРХДАГ, НАС БАРАЛТ ӨНДӨР, ВИРУСЭЭР ҮҮСГЭГДСЭН ТАХАЛ НҮҮРЛЭЖ БОЛЗОШГҮЙ” гэсэн нийтлэл оржээ. Энэ талаар нэгдүгээр сарын сүүлээр мөн олон Twitter хэрэглэгчид “Малайзад цоо шинэ вирус илэрчээ” гэх зэргээр жиргэж байсан юм.
Хоёрдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр @OtgonbayarY гэх Twitter хаягаараа “Дараагийн пандемик Нипа гэдэг вирус болно гээд улсууд одооноос бэлдэж эхэлж байгаа юм байна” гэж жиргэсэн бөгөөд нэмэлтээр сэтгэгдэл хэсэгт “ДЭМБ болзошгүй дэгдэлттэй 16 вирусийн нэгд тооцоод байгаа юм байна. Лондонд байдаг судалгааны байгууллага дараагийн томоохон дэгдэлтийн эх сурвалж гэж үзжээ” гэсэн байна.
#FactCheckedByMFCC

🔎CrowdTangle хэрэглүүрээр шалгахад: /2021.02.08 16:30 цагийн байдлаар/
📌-medee.mn сайтад нийтлэгдсэн “Хурдацтай тархдаг, нас баралт өндөр, вирусээр үүсгэгдсэн тахал нүүрлэж болзошгүй” гэх мэдээг Facebook-д нийт 169 удаа хуваалцаж, 83 сэтгэгдэл үлдээн, 280 реакц даржээ.
📌-mass.mn сайтад нийтэлсэн дээрх мэдээг Facebook-д 200 удаа хуваалцаж, 193 сэтгэгдэл үлдээн, 550 реакц даржээ.

1. ДЭМБ-аас 2021 онд Нипа вирусийн талаар ямар нэгэн сэрэмжлүүлэг эсвэл мэдэгдэл гаргаагүй бөгөөд хамгийн сүүлд 2017 онд тус вирусийг ДЭМБ-ын Судалгаа хөгжлийн төлөвлөгөөнд нийгмийн эрүүл мэндэд хамгийн эрсдэлтэй 16 өвчний нэг гэж тодорхойлжээ. /холбоосыг доор хавсаргав/

2. “75 хувийн нас баралтын түвшинтэй Нипа вирусийг дараагийн том цар тахал байж болзошгүй” гэдгийг Access to Medicine сангийн гүйцэтгэх захирал Жаяасри К Айер онцлов. Тус сан нь бага, дунд орлоготой орнуудад амьдардаг хүмүүст эм зүйн салбарын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгоход чиглэн ажилладаг ашгийн бус байгууллага юм. /мэдээллийг дэлгэрэнгүй хэсгээс авна уу/

3. Дэлхийн ихэнх улсад эрүүл мэндийн салбарын мэдээллийг ДЭМБ-ын эх сурвалжаар баталгаажуулж үздэг. Монгол Улс ч мөн гишүүн орны хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг мөрдлөг болгодог. Тиймээс тус байгууллагаас дараагийн цар тахлын талаар албан ёсны сэрэмжлүүлэг, мэдэгдэл гаргаагүй тул Access to Medicine хэмээх эм зүйн салбарын байгууллагын судалгааны тайланд үндэслэсэн дээрх мэдээллийг түгээхээс зайлсхийхийг хүсэж байна.

📌2021 оны нэгдүгээр сарын 26-нд нийтлэгдсэн The Guardian сайтын мэдээний хэсгийг дараах байдлаар орчуулан хүргэж байна. /Холбоосыг доор хавсаргав/
- Эм үйлдвэрлэгчид дараагийн цар тахлын дэгдэлтэд бэлэн биш байгааг судалгаа анхаарууллаа
- Дэлхийн хамгийн том эмийн үйлдвэрүүд COVID-19-ийн дэгдэлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авч буй ч дараагийн цар тахлын эсрэг бэлтгэл муу байна гэж Access to Medicine сангийн бие даасан тайланд анхааруулав. Нидерландад төвтэй, Их Британи, Нидерландын засгийн газар болон бусад улсын санхүүжүүлтээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох тус сангийн гүйцэтгэх захирал Жаяасри К Айер 75 хувийн нас баралтын түвшинтэй Нипа вирусийг дараагийн том цар тахал байж болзошгүй хэмээн онцлов.
- Тэрээр хэлэхдээ “Нипа вирус бол дараагийн түгшүүр дагуулах эрсдэлтэй вирус. Биднийг хэзээ ч байхгүй болгож чадна. Дараагийн цар тахал эмэнд тэсвэртэй халдвар байж болзошгүй” гэжээ. Бага, дунд орлоготой орнуудын 20 томоохон эмийн үйлдвэр, тэдгээрийн эмийн хүртээмжийг хянадаг Access to Medicine сангийн тайланд ихэнх үйлдвэрүүд ХДХВ/ДОХ, хумхаа, сүрьеэ зэрэг халдварт өвчинд гол анхаарлаа хандуулсан боловч бусад ноцтой өвчнүүдийг орхигдуулсныг онцолжээ.
- ДЭМБ-аас тодорхойлсон 139 яаралтай шаардлагатай эм, вакцин, оношилгооны шинжилгээ, багаж хэрэгслийн 91 нь хараахан бүтээгдээгүй байгаа бөгөөд тэргүүлэх ач холбогдол бүхий 16 өвчинтэй холбоотой ямар ч төсөл хэрэгжихгүй байна гэж мэдээлэв.

Access to Medicine сан нь эм зүйн салбарыг бага, дунд орлоготой орнуудад амьдардаг хүмүүст илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.
Дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй анагаах ухаан, нянгийн тэсвэржилт болон эмийн хүртээмжтэй байдлын талаар хэлэлцэж, эмийн компаниудын хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тодорхойлдог гэсэн үг. Мөн эмийн компаниудыг эдгээр боломжийг хэрхэн ашиглаж байгаа, хүлээлтэд нийцэж буй эсэхийг харьцуулж, бүх судалгаагаа олон нийтэд нээлттэй, чөлөөтэй хуваалцдаг аж.
Судалгааны үр дүнгээ ажил хэрэг болгохын тулд тус байгууллага үнэлгээ хийдэг компаниуд болон хувийн хэвшлийнхэн, хандивлагчид, ТББ, засгийн газар, хөрөнгө оруулагчдын нийгэмлэгүүдтэй холбоотой байдаг.

ДЭМБ-ын тодорхойлсноор Нипа вирус нь ДЭМБ-ын R&D Blueprint жагсаалтад багтсан яаралтай судалгаа, шинжилгээний арга хэмжээ авах шаардлагатай халдварт өвчнүүдийн нэг. Одоогоор ямар нэгэн эмчлэх эм, вакцин байхгүй. Нипа вирусийг анх Малайз улсад 1998 онд гарсан өвчний дэгдэлтийн үеэр олж тогтоосон бөгөөд амьтнаас хүнд, хүнээс хүнд дамжих халдварын аль аль нь бүртгэгдсэн байдаг. 1998-2015 онд Нипа вирусийн хүнд илэрсэн халдварын 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэтхэг, Бангладешид нас баралтын тохиолдол өндөр гарч байсан.
Малайзад анх гарахдаа Сингапурт бас нөлөөлсөн анхны дэгдэлтийн үед Нипа вирусийн халдвар нь өвчтэй гахайтай ойр байснаас үүдэлтэй байв. Гахайнаас ялгарах шүүрэл, эсвэл өвчтэй амьтны эдэд хамгаалалтгүй хүрэхэд халдвар дамждаг гэж үздэг.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst