Цагаан сараар гадуур гарвал 500 мянган төгрөгөөр торгоно #ҮНЭН

   [ҮНЭН] 2021 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр 15:04 цагт tovch.mn сайтад “Сар шинийн өдрүүдэд золголт хийсэн иргэнийг 500,000 мянган төгрөгөөр торгоно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. 🔎Бид холбогдох баримтыг эх сурвалж болгон дараах байдлаар нягталлаа.

#FactCheckedByMFCC

📌2021 оны хоёрдугаар сарын 9-ны 16:40 цагийн байдлаар тус мэдээг Facebook-т 423 удаа хуваалцаж, 637 сэтгэгдэл үлдээн, нийт 1,078 реакц даржээ. Дээрх мэдээтэй адил агуулга бүхий мэдээнүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархсан байна. /Бусад сайтын түгээсэн байдлыг зургаас харна уу./

📌Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл буюу Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

📌Зөрчлийн хуулийн дагуу иргэдийг торгохдоо зөрчлийн хэрэг нээж, холбогдох ажиллагааг явуулсны дараа шүүхээр шийдвэрлэх заалттай. Хэв журам сахиулах үйл ажиллагааад оролцож байгаа бусад хүмүүс, тодруулбал сонсогч, бусад албан хаагч нар холбогдох байгууллагад мэдээллээ хүргүүлж, Зөрчлийн хуульд заасан эрх бүхий албан тушаалтнууд хэрэг нээх эрхтэй байдаг.

📌Тиймээс гэрийн чинь гадна эргүүлд гарч байгаа алба хаагчийн өгсөн мэдээллээр танд зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль оногдуулах боломжтой гэсэн үг.

📌“Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино гэдгийг дахин хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно” гэжээ.

📌Зөрчлийн хуулийн заалт болон эрх бүхий албан тушаалтны байр сууриас харахад хөдөлгөөн хязгаарлаж, хорио тогтоосон өдрүүдэд иргэдийг гэрээс гарахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авна гэдэг нь үнэн гэж үзэх үндэслэлтэй.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst