Вакцин хийх нь хүний дархлалын системийг сөнөөнө #ХУДАЛ

   [ХУДАЛ] 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Баасанжав Отгон нэртэй Facebook хэрэглэгч тоймч Ш.Гантулга болон Ц.Буянцогтоо нарын “Геополитик ба улс төр” цахим сувгийн ярилцлагын хэсгээс постолсон ба уг нийтлэл “вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө”, “Монгол хүн болгоны ДНК-д маш аюултай өвчний ДНК-ийн дараалал үлдэнэ” зэргээр вакцины талаар дурдсан байна.

#FactCheckedByMFCC

Сэтгүүлч Б.Отгоны нийтлэлийг 2021.02.18 16:00 цагийн байдлаар 3,100 удаа хуваалцаж, мянга гаруй сэтгэгдэл үлдээн 2,900 гаруй реакц даржээ. Харин “Геополитик ба улс төр” сувгийн лайв ярилцлагыг 698 удаа хуваалцаж, 212 сэтгэгдэл үлдээн, 513 реакц даржээ.

"Олон Улсын Тоймч Ш.ГАНТУЛГА : Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг Ямар ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй туршилтын вакциныг хүн төрөлхтөнд толгой дараалан хийх гэж байна. Монголд ч гэсэн хийнэ гэдгээ У.Хүрэлсүх хэлсэн шүү дээ.

Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг. Вакцин хийлгэсэн хүн хийлгээгүй хүнээс 4 дахин илүү өвчинд автдаг гэдгийг эрдэмтэд тогтоочихсон байгаа. Нэмээд хэлэхэд Билл Гейтс нэг үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол 2009 онд Гренланд арал дээр баахан нас барсан хүмүүсийн шарилыг онгичиж тэр хүмүүсийн шарилнаас дээж авсан байгаа юм. Дээж авах шалтаан нь юу юм гэвэл одоо дэлхийн түүхэнд хамгийн олон хүнд халдварлаж, хамгийн олон хүнийг өвчлүүлээд, хамгийн олон хүний аминд хүрсэн нэг халдварт өвчин байдаг. Энэ бол дэлхийн 1-р дайны дараахан болсон Спанка гэдэг нэртэй томуу маягийн өвчин байгаа. Яг энэ коронавирустэй төстэй. Тэр өвчнөөр бол 50 сая гаруй хүн өвчилж, бараг 10 сая гаруй хүн ч бол нас барсан байдаг. Бараг дэлхийн дайнаас бол илүү олон хүн нас барсан шүү дээ. Тэгтэл тэр хүмүүсийг оршуулсан Гренланд арлыг яагаад сонгосон бэ гэвэл Гренланд арал бол мөнхийн цэвдэг байдаг. Тэнд оршуулсан бараг 300 гаруй хүнийг булшийг эргэж ухаад Спанкагийн вирус хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан гэдэг. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой.

Монголын засгийн газарт өөрийн бодол хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд явах юм бол, жишээлбэл Хятад улсын вакцин хамгийн хямд үнэтэй, Хятадын вакцинаар Монголчуудыг толгой дараалан тарих ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр бол Монгол хүн болгоны ДНК маш аюултай өвчний ДНК-ийн дараалал үлдэнэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр бид энэ тал дээр маш болгоомжтой анхааралтай байх хэрэгтэй гэдэг нь харагдана.

Глобалистуудын хамгийн гол зорьж байгаа зүйл нь бол дэлхийн хүн амыг цөөлөх явдал, цөөлөхгүй юмаа гэхэд хүн төрөлхтний хэрэглээг нь багасгах нь хамгийн гол зүйл болж байгаа шүү дээ" Геополитик ба Монгол. 2021/01/24-ны ярилцлага.

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

БНХАУ-ын хөгжүүлж буй вакцин уламжлалт аргаар бүтээж байгаа. Харин шинэ технологиор гаргаж авч байгаа вакцин бол Pfizer болон Moderna. Эдгээр нь mRNA буюу messenger RNA технологийг анх удаа вакцины үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаараа эрдэмтдийн анхаарал татаж байна.

📌mRNA вакцинууд хүний ДНХ-д өөрчлөлт оруулах боломжгүй
mRNA хүний ДНХ (дезоксирибонуклейн хүчил)-д уусдаггүй, өвчний удмын мэдээг түр зуур тээвэрлэгч гэж хэлж болно. Идэвхгүй, үхэжсэн, жинхэнэ вирусийн дээжийг ашиглан дархлааг дэмжихийг оролддог уламжлалт вакцинуудтай харьцуулахад mRNA вакцин нь липидийн нано хэсгүүдээр бүрхэгдсэн бодисыг эсэд оруулан ковидын дархлаа бий болгодог. /Холбоосыг хавсралтаас үзнэ үү/
📌АНУ-ын Халдвар судлал, урьдчин сэргийлэх төвийн мэдээлснээр вакцины RNA (РНХ буюу Рибонуклейн хүчил) нь эсэд ковидын дархлаа бий болгох уураг үүсгэхэд тусалдаг бөгөөд дараа нь хүний бие өөрөө тус РНХ-г устгадаг. “mRNA хэлхээ нь хэзээ ч эсийн цөмд орж, генетикийн материалд нөлөөлдөггүйг анхаарах хэрэгтэй. Энэ мэдээлэл mRNA вакцин нь хэн нэгний генетикийг хэрхэн өөрчилдөг тухай буруу ташаа мэдээллийг арилгахад тусална” гэж бичжээ. /Холбоосыг хавсралтаас үзнэ үү/
📌Молекул биологич Г.Батбаатар ковидын вакцины талаар мөн “Мемори гэдэг зүйлийг л үүсгэж байгаагаас эсийн удмын мэдээлэлд нөлөөлж байгаа зүйл байхгүй. Өвчлүүлэх чадваргүй, халдварлах боломжгүй, тухайн өвчний удмын мэдээг хадгалсан өндөр молекулт уураг төст бодисыг хүний биед оруулж байгаа хэрэг” гэжээ.
📌Мөн Google компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулгын “Messenger RNA - Вакцины Шинэ Технологи” гэх бичлэгт энэ талаар энгийнээр тайлбарласан. /бичлэгийн холбоосыг доод хэсэгт оруулав/

📌Учир нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах туршилтуудыг үе шаттай хийж, ДЭМБ түүнийг хүлээн зөвшөөрч бүртгэж авсан.

ДЭМБ вакциныг дараах гурван үе шаттай туршдаг.

1-р үе: Цөөн хүмүүс бүхий бүлэгт (ойролцоогоор 20-50 хүн) вакцин хийлгэдэг. Энэ шатанд аюулгүй байдал, гаж нөлөө, зохих тун, тарилгын арга, вакцины бүтцийг үнэлнэ. Хэрэв энэ нь амжилттай болбол дараагийн шатанд шилжинэ.
2-р үе: Вакциныг ихэвчлэн хэдэн зуун хүнд хийдэг. Тэдгээр хүмүүс нь вакцин хийлгэхээр төлөвлөж буй хүмүүстэй ойролцоо байх шаардлагатай. (жишээлбэл нас, хүйс гэх мэт)
3-р үе: Вакциныг илүү өргөн хэрэглээнд аюулгүй, үр дүнтэй байлгах үүднээс олон мянган хүнд тарьдаг. Эдгээр бүх судалгааны үр дүнг үнэлсний дараа зохицуулагч байгууллагууд вакциныг батлах эсэхийг шийднэ.
Эдгээр туршилтын шатыг давж, 90-ээс дээш хувийн үр дүнтэй тул дэлхий даяар хэдэн зуун сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа билээ.

Спанкагийн /испани ханиадыг хэлсэн бололтой/ вирус хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой” гэсэн нь ямар нэг тодорхой эх сурвалжаар батлагдах боломжгүй гэж үзэж байна.

📌Харин Берлин хотын Шаррити Их сургуулийн гол санхүүжүүлэгчдийн нэг нь Билл, Мелинда Гейтс сан (B&MGF) аж. 2020 оны гуравдугаар сард B&MGF-аас коронавирусийн эсрэг яаралтай арга хэмжээ авах оношилгоо, вирус судлалын хэрэгслийг сайжруулахад туслах зорилгоор тус эмнэлэгт 249,550 ам.долларын тусламж үзүүлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сард 86,181 ам.долларын санхүүжилт өгсөн байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst