Зомби халдварт бэлэн байхыг сануулав #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [ХУДАЛ] 2021 оны гуравдугаар сарын 9-нд news.mn сайтад “АНУ-ын эрх баригчид зомби халдварт бэлэн байхыг сануулжээ” гэсэн нийтлэл орсон бөгөөд 2021.03.11 өдрийн 16:10 цагийн байдлаар тус нийтлэлийг Фейсбүүкт нийт 2,288 удаа хуваалцаж, 2,609 сэтгэгдэл үлдээн, 3,825 реакц даржээ.

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Уг зөвлөмжтэй холбоотой гадны баримт шалгалтыг хайж үзэхэд АНУ-ын TEGNA корпорацид бүртгэлтэй WUSA9 болон USA Today сайтуудын нийтлэл

гарч ирсэн бөгөөд дараах байдлаар орчуулан хүргэж байна.

📌CDC үнэхээр зомби халдварт бэлэн байх тухай зөвлөмж гаргасан уу?
-Тийм. Гэвч тус зөвлөмжид зомби халдвар үнэхээр болж байгаа эсэх тухай юу ч хэлээгүй. Ямар нэг зомби халдвараас илүүтэй гамшгийн үед хэрхэн бэлэн байх тухай мэдээллийг хүмүүст түгээж, энэ талаар мэдлэгтэй болгох зорилготой нийтэлсэн. Зомби халдварыг дурдсан нь хүмүүсийн анхаарлыг татах нэг арга хэлбэр л байсан аж. /CDC-ийн 2011 онд оруулсан албан ёсны зөвлөмжийг хавсралтаар оруулсан холбоосоор орж харна уу/
📌Нийгмийн цахим сүлжээний хэрэглэгчид уг зөвлөмжийг XVI зууны үеийн зөгнөлийн номоороо алдартай Францын физикч Нострадамтай холбож бичиж байна. Тухайлбал 2021 онд үнэхээр зомби халдварт өвчин гарна, үхэгсэд амилах нь гэх мэтчилэн төөрөгдүүлсэн постууд газар авсныг харж болно.
-2021 оны 3-р сарын 4-нд хоёр сая гаруй дагагчтай UberFacts гэх Инстаграм хуудсанд АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн (CDC) зөвлөмж болон Нострадамын 2021 оны зөгнөлүүдийг холбоотой мэтээр харуулсан зураг оруулсан байна. Гэвч тус постыг аль хэдийн устгасан.
📌CDC зомби халдварт бэлэн байх зөвлөмж, дүрэм гаргасан нь үнэн ч энэ нь Нострадам болон 2021 оны элдэв зөгнөлтэй ямар ч холбоогүй. Харин цар тахлын аюулгүй байдлын заавар, гамшгийн аюултай нөхцөлд хэрхэн бэлэн байх тухай зөвлөсөн.
Тус зөвлөгөө нь CDC-ийн сайтын “сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зомби бэлэн байдал” болон “зомби халдварын бэлэн байдал” блогт 2011 онд анх нийтлэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэчлэгдээгүй.
📌“Эхлээд хөгжилтэй байдлаар гамшгийн үеийн бэлэн байдлын зөвлөмжийг олон хүнд хүргэх зорилготой эхэлж байсан аян сүүлдээ маш үр дүнтэй болсон. Бид зомби халдварын бэлэн байдлаар дамжуулан олон хүнд гамшигт нөхцөл байдлын талаарх мэдээллийг түгээсээр байна” гэж тус сайтад бичжээ.
АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн уг зөвлөмжид гамшгийн үед бэлэн байхын тулд дараах зүйлсийг авч, нөөцлөхийг зөвлөсөн байна. Үүнд:
   *Ундны ус (өдөрт хүн тус бүр 4л)
   *Хүнс (өдөр тутамдаа хэрэглэдэг, муудахгүй хүнс нөөцлөх)
   *Эм (жороор эсвэл жоргүй олгодог янз бүрийн эм)
   *Багаж хэрэгсэл (цаасны хутга, скоч, зайгаар асдаг радио гэх мэт)
   *Ариутгагч, халдваргүйжүүлэгч (гэр ахуйн цайруулагч, саван, алчуур гэх мэт)
   *Хөнжил гудас, хувцас (гэр бүлийн гишүүн бүрт солих хэдэн ээлжийн хувцас, хөнжил)
   *Бичиг баримтууд (жолооны үнэмлэхний хуулбар, гадаад пасспорт)
   *Анхны тусламжийн хайрцаг
📌Иймд CDC-ийн сайт болон зөвлөмж нь бодит хэдий ч 2021 онд зомби халдвар тархаж магадгүй гэсэн худал таамаглал, сэрэмжлүүлэгтэй ямар ч холбоогүй юм. Тус төв нь иргэдийг вакцины талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл болон зөвлөмжөөр хангадаг ч тэдгээр мэдээлэл зомби халдварт бэлэн байх тухай блогтой хамааралгүй ажээ.

📌Зомби халдварын сэрэмжлүүлгийг хамгийн анх АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн (CDC) Бэлэн байдлын хэлтсийн харилцаа холбоог хариуцан ахлаж байсан Дэйв Дайгл санаачилсан. Тухайн жилдээ буюу 2011 онд 1.4 сая ам.долларын төсөвтэй байсан тус хэлтэс нь хар шуурга, газар хөдлөлт гэх мэт томоохон гамшгийн үед олон нийтийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй аж. Тэрхүү ажлынхаа хүрээнд олны анхаарлыг татаж, олон хүнд хүргэх зорилгоор зомби халдварт өвчин гэх санааг ашигласан бөгөөд зааварчилгаа нь гурав хоногийн дотор 30,000 гаруй хандалт авч байжээ. Энэ нь энгийн үед CDC-ийн бэлэн байдлын ямар ч сэрэмжлүүлэг доод тал нь 10 хоногийн дараа л хүрч болох үзүүлэлт гэсэн үг.
Дайгл 2011 оны 5-р сард Атлантик сонинд өгсөн ярилцлагадаа дараах зүйлсийг хэлжээ.
“Бид 6-р сарын нэгнээс эхэлдэг хар салхины улирлын талаар хэлэлцэж байлаа л даа. Гэнэтхэн л бидний жил болгон урьдчилан сэргийлэх зорилготой илгээдэг зурвасууд хүмүүст үнэхээр хүрч чаддаг болов уу гэх бодол төрсөн. Харин энэ чиглэлийн үйл ажиллагаандаа зомби гэх мэт олны анхаарлыг татахуйц нэршлийг ашигласнаар цахим сүлжээний маркетинг үр дүнтэй байж болохыг харж байна. Бүх нийтийн бэлэн байдал, нийгмийн эрүүл мэнд гэхчлэн сэдвүүд хэдий чухал ч хүмүүс төдийлөн ойшоодггүй. Гэхдээ хамгийн гайхалтай нь манай төв Даваа гарагт зомби бэлэн байдал гэх зөвлөмжийг оруулсны дараа Лхагва гараг гэхэд серверүүд гацаж эхлэсэн” гэжээ.

Түүнээс үүдэн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв багш нарыг дунд сургуулийн насны хүүхдүүдэд гамшгийн үеийн бэлэн байдлын талаар заахад туслах зорилгоор өөрсдийн сайтдаа энэ төрлийн хөгжилтэй тоглоом, сонирхолтой хичээлүүдийг нэгтгэсэн цэс оруулжээ. /Холбоосыг хавсралтаар оруулав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst