АстраЗенека вакцин цусны бөөгнөрөл үүсгэдэг #БАТЛАГДААГҮЙ

   [Эргэлзээтэй] 2021 оны 3-р сарын 11-нд yummy.mn сайтад “АстраЗенека вакцин үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон байхад Монголд хийлгэсээр л байх уу?” гэсэн мэдээ нийтлэгджээ. Тус нийтлэлийг Crowd Tangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2021.03.12-ны 15:20 цагийн байдлаар Facebook-т 4,141 удаа хуваалцаж, 1,874 сэтгэгдэл үлдээн, 4,580 реакц даржээ.

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Тус вакцины талаар Дани улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакцин нь үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон” хэмээн мэдээлжээ” гэж бичсэн нь агуулгын хувьд алдаатай болжээ.

📌Тухайлбал, Дани улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакциныг үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон” гэж хэлээгүй. Харин CNBC болон бусад гаднын сайтуудын мэдээлснээр “Цусны бүлэгнэл үүсэх болсон шалтгаан болон вакцин хооронд ямар нэг холбоо байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэж хэлсэн юм.

📌2021 оны 3-р сарын 11-нд Guardian.com сайтын мэдээлснээр Европын Эмийн Агентлаг (EMA) АстраЗенека вакциныг цусны бөөгнөрөл үүсгэсэн эсэхийг шалгаж байгаа бөгөөд тэр хугацаанд тус вакциныг хэрэглэж болно гэж мэдэгдсэн аж. Мөн Европт одоогийн байдлаар таван сая гаруй хүн АстраЗенека вакциныг хийлгээд байгаагаас 30 хүнд цус бүлэгнэх тохиолдол илэрсэн. Энэ нь тус вакцины нийт үр дүнгээс давахааргүй эрсдэлийн хэмжээ гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар вакцинаас болж дээр дурдсан тохиолдлууд гарсан гэх тодорхой нотлогдсон таамаг байхгүйг EMA тодруулж хэлсэн.

Тус улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Фил Брайн хэлэхдээ, одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа цус бүлэгнэсэн тохиолдлууд нь вакцинжуулсан хүн амд тохиолдож болох энгийн хэмжээнээс хэтрээгүй ба вакцинаас болсон гэх хангалттай нотлох баримт байхгүй гэжээ.
📌Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын анагаахын сургуулийн эм судлалын профессор Стефан Эванс Reuters.com сайтад өгсөн ярилцлагадаа “вакциныг зогсоох шийдвэр гаргасан зарим Европын улсууд хэтэрхий болгоомжилсон үйлдэл гаргаж байна” гэж хэлсэн аж.

📌“Астразенка вакциныг Европын 8 улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Ийм мэдээллийг судалж байна гэж өнөөдөр ЭМЯ-ны 11 цагийн хурал дээр мэдэгдсэн бөгөөд монгол улс хэрхэх тухай нэг ч үг хэлээгүй шүү. Гэтэл зарим хэвлэл Монголд хийхгүй болсон мэт ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл явуулж буй учир та бүхэн тэр мэдээллээ залруулахыг хүсье. Монгол улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа болно.”

📌Монгол Улсын ЭМЯ мөн 2021.03.12 өдөр үүнтэй холбоотой албан ёсны мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд Монгол Улс үргэлжлүүлэн АстраЗенека вакциныг хийнэ гэдгийг тодорхой бичжээ. /Хавсралтад оруулсан холбоосоор орж харна уу/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst