Хятад вакцин 73 төрлийн сөрөг нөлөө үзүүлнэ #ХУДАЛ

   [ХУДАЛ] 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Azjargal Enkhbayar нэртэй Facebook хэрэглэгчийн постыг шалгуулах хүсэлт ирсэн юм. Уг постод “Хятад вакцины талаар жаахан юм уншлаа. Олон улсын байгууллага албан ёсоор хүлээн аваагүй. Учир нь вакцин үйлдвэрлэгч компанийн СЕО (Бээжин дэх ДЭМБ-ын суурин төлөөлөгчид) хахууль өгсөн нь нотлогдчихсон байна. 5 үе шаттай туршилтаа хийгээгүй буюу анхан шатны амьтан дээр туршаад шууд олон улсад гаргасан. Үйлдвэрлэлээ хурдасгахын тулд олон дамжлагыг алгассан. 73 төрлийн сөрөг нөлөө бидний биед үзүүлэх нь байна. Хамгийн муу эд эрхтэнд хүчтэй нөлөөлж, үйл ажиллагааг муутгана гэсэн үг. Цаашид дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй вакциныг холиод шинэ нэг вакцин гаргаж авах судалгаа эхэлсэн байна. Ерөнхийдөө манай хэд вакцинжуулалтаа зогсоосон нь учиртай байжээ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎 COVID-19 болон вакцинтай холбоотой мэдээллийн бодит байдлыг шалгах зайлшгүй шаардлагатай гэж Олон улсын баримт шалгагчдын дүрэмд заасны дагуу бид дараах баримт шалгалтыг хийлээ.

📌 Юуны өмнө эх сурвалжаа судалж, уг мэдээллийг тавьсан хэрэглэгчтэй холбогдлоо. Тэрбээр “олон хүнээс дарамт, доромжлол ирсэн тул” постоо устгасан гэдгээ хэлсэн юм. Хэдийгээр устгасан ч уг агуулгын зургийг авч, Facebook группүүдэд хуваалцсаар байгаа тул мэдээллийн агуулгад баримтын шалгалт хийснээ хүргэж байна.

📌2020 оны 12 дугаар сарын 4-нд Сиатл Таймс (seattletimes) сайтад “Синовак ковидын эсрэг вакцины үйлдвэрлэл хүчээ авч буй ч өмнөх хахуулийн хэрэг нь асуудал болж байна” гэх нийтлэл гарч ирсэн юм. Уг нийтлэлийг 2021 оны гуравдугаар сарын 4-нд дахин шинэчилсэн байв.

📌“2016 оны шүүхийн мэдүүлэгт Синовакийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ин Вэйдонг 2002-2011 онд вакцины үнэлгээг хянан зохицуулагч Ин Хунжанг болон түүний эхнэрт 83,000 гаруй ам.долларын авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ин Хонжанг түүний хариуд Синовакийн вакцины гэрчилгээ авах явцад тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ” гэж уг нийтлэлд бичсэн байна. /холбоосыг хавсаргав/

📌Энэ нь COVID-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэлээс өмнөх үеийн хэргийг сөхөөд, үүнээс болж олон улсын байгууллага /ДЭМБ/ албан ёсоор хүлээж аваагүй гэх ойлголт төрүүлэхээр ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай болжээ.

📌2021 оны нэгдүгээр сарын 8-нд Өнөөдрийн Энэтхэг (indiatoday) мэдээллийн сайтад Хятад эмч Синофарм коронавирусийн вакциныг “дэлхийн хамгийн аюултай” гээд зогсохгүй 73 төрлийн гаж нөлөөтэй гэсэн бичлэгийг оруулсан ч хэдэн цагийн дараа татан буулгасан тухай мэдээ гарсан байна. Тодруулбал, “Шанхай хотын вакцины мэргэжилтэн, доктор Тао Лина олон нийтийн сүлжээндээ Синофарм вакцины талаар ийнхүү шуугиан дэгдээсэн ч тэрхүү мэдэгдлүүдээ үгүйсгэж эхэлсэн аж. Дейли Мэйл (Daily Mail) сонинд мэдээлснээр вакцины мэргэжилтэн доктор Тао Лина Weibo сайт дахь өөрийн сошиал хаягаар Синофарм төрийн өмчит компанийн бүтээсэн вакцин нь маш аюултай гэж бичсэн. Гэвч түүний мэдэгдэл цахим орчинд эрчээ авмагц вакцины шинжээч “хайхрамжгүй” тайлбар хийснийхээ төлөө ард түмнээс болон мэргэжил нэгтнүүдээсээ уучлалт гуйв. Аль хэдийн устгагдсан Синофарм вакцины талаар уг постод “тариулсан хэсгийн эргэн тойронд өвдөх, толгой өвдөх, цусны даралт ихсэх, хараа, амт муудах, шээс гарахгүй байх” зэрэг гаж нөлөөг жагсаасан байжээ” гэж мэдээлсэн байна. /холбоосыг хавсаргав/

📌Энэ нь хятадын нэгэн шинжээчийн ташаа мэдээлэл тараагаад, түүнийхээ төлөө уучлалт гуйж, устгасан ч “73 төрлийн сөрөг нөлөө” гэх батлагдаагүй агуулгыг энд дахин сэргээж ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

📌ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэн болон яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинууд хөгжүүлэлтийн шатаа түргэвчилж, үйлдвэрлэл, судалгааны ажил хамтдаа явахыг зөвшөөрч байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинуудыг ч энэ зарчмаар хөгжүүлж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар ДЭМБ-ын вакцины бүртгэлийн ажлын үе шатыг мэдээлснээс үзвэл 📌БНХАУ-ын вакцинууд гурав болон дөрөвдүгээр шатандаа хянагдаж байгааг мэдээлжээ. /хавсралтаас харна уу/

📌Энэ мэдээлэл нь дөрөвдүгээр сарын 9-нд Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу-ийн хийсэн мэдээлэлтэй холбоотой байж болох юм. Мөн тус төвийн судлаач Ван Хуацин Хятад вакцины тунг mRNA технологид суурилсан вакцины тунтай хослуулан хэрэглэх хувилбарыг судалж байгаа тухай мэдээлэл өгсөн. Хятадын эрдэмтэд уг технологид суурилсан вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлээд байгаа талаар yahoo news мэдээлсэн байна. Мөн Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд AstraZeneca вакциныг Оросын Sputnik-V болон mRNA технологид суурилсан Pfizer/BioNTech вакцинтай хослуулан хэрэглэх хувилбаруудыг судалж байгаа тухай уг мэдээлэлд дурдсан юм. /холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst