Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхэлж таны цалингаас 36%-ийн шимтгэл суутгаж авна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Та 2.5 сая төгрөгийн цалинтай гэж үзвэл байгууллага суутгах татвар, шимтгэлээ бодоод таны цалингийн багцыг 2,837,500 төгрөг гэж суутгаад, та гар дээр 1,980,000 төгрөг авна. Та сар бүр 856,750 төгрөг Засгийн газарт төлнө.

Хэрэв та татвар төлдөг бол энэ мөнгө хаачсан бэ гэж бодох ёстой. Учир нь таны мөнгө шүү дээ. Харамсалтай нь дийлэнх нь халамжид явж байна. Халамжийн бодлого ийм л аюултай. Хөдөлмөрлөж байгаагаа шулж, хөдөлмөрлөхөөс залхуурсандаа улстөрчдийг сайн хүмүүс болгон харагдуулж мөнгө өгч байна” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улс Олон Улсын Валютын сан хооронд 2017 оны тавдугаар сарын 24-нд байгуулсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт НДШ-ийг гурван жилийн хугацаанд үе шаттай нэмэгдүүлж, 2021 оноос ажил олгогч 13.5%, даатгуулагч 12.5%-ийн шимтгэл төлөхөөр тохирсон. Үүний дараа 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, энэхүү хувь хэмжээг хуульчилсан билээ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ АЖИЛ ОЛГОГЧООС АВАХ ШИМТГЭЛ НЬ АЖИЛТНЫ НЭРЛЭСЭН ЦАЛИНД ХАМААРАЛГҮЙ ЮМ.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #62

2021.04.22 | Улаанбаатар хот, Монгол

2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд medleg.me гэх домайн хаяг бүхий вебсайтад “Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхэлж таны цалингаас 36%-ийн шимтгэл суутгаж авна. Эсэргүүцэж байвал шэйр хийгээрэй” гэх гарчигтай мэдээ оруулжээ. Уг сайтаас Facebook-т 7278 удаа хуваалцаж, 7979 сэтгэгдэл, 15,771 реакц авсан байна. /тархалтын байдлыг зургаас харна уу/

Уг мэдээлэлд:

“Цалингаас суутгах:

1. НДШ хувь хүн 10.5%-12.5% болж өснө.

2. НДШ Аж ахуйн нэгжээс 10.5%-13.5% болж өснө.

3. ХХОАТ 10%

Нийт 36% суутгана гэж ойлгож болохгүй, шатлалтай байдлаар авна. Бид барууны өндөр хөгжилтэй орнууд шиг өндөр татвар цалингаасаа төлдөг. Аж ахуйн нэгжийн 13.5% ч бас танд өгөх цалингийн багц төсөвт багтсан байдаг. Та 2.5 сая төгрөгийн цалинтай гэж үзвэл байгууллага суутгах татвар, шимтгэлээ бодоод таны цалингийн багцыг 2,837,500 төгрөг гэж суутгаад, та гар дээр 1,980,000 төгрөг авна. Та сар бүр 856,750 төгрөг Засгийн газарт төлнө.

Хэрэв та татвар төлдөг бол энэ мөнгө хаачсан бэ гэж бодох ёстой. Учир нь таны мөнгө шүү дээ. Харамсалтай нь дийлэнх нь халамжид явж байна. Халамжийн бодлого ийм л аюултай. Хөдөлмөрлөж байгаагаа шулж, хөдөлмөрлөхөөс залхуурсандаа улстөрчдийг сайн хүмүүс болгон харагдуулж мөнгө өгч байна” гэжээ.

📌medleg.me сайтад байршсан мэдээллүүдийг харахад олонх нь сошиал хэрэглэгчдийн постуудыг тэр чигээр нь сайтдаа мэдээ мэт харагдуулахаар оруулсан, олон нийтээс хандалт авах зорилгоор холбоосыг нь Facebook-т анхаарал татахуйц гарчигтай байршуулсан байна.

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Цалингаас суутгах шимтгэлийн хувь хэмжээний тухай мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Уг мэдээлэлд:

1. НДШ хувь хүн 10.5%-12.5% болж өснө.

2. НДШ Аж ахуйн нэгжээс 10.5%-13.5% болж өснө.

3. ХХОАТ 10% гэж бичжээ.

Энэ хэсгийн агуулга нь холбогдох хуулийн заалттай таарч байгаа ч ажилтны нэрлэсэн цалингаас 36 хувийн татвар суутгаж авна гэсэн ойлголт төрүүлэхүйц байгаа нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулга болжээ.

Тухайлбал,

📌Монгол Улс Олон Улсын Валютын сан хооронд 2017 оны тавдугаар сарын 24-нд байгуулсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт НДШ-ийг гурван жилийн хугацаанд үе шаттай нэмэгдүүлж, 2021 оноос ажил олгогч 13.5%, даатгуулагч 12.5%-ийн шимтгэл төлөхөөр тохирсон. Үүний дараа 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, энэхүү хувь хэмжээг хуульчилсан билээ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ АЖИЛ ОЛГОГЧООС АВАХ ШИМТГЭЛ НЬ АЖИЛТНЫ НЭРЛЭСЭН ЦАЛИНД ХАМААРАЛГҮЙ ЮМ.

📌COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч, “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хуулийг баталсан. Энэ хуульд заасан шимтгэлийн хувь хэмжээнд үзүүлсэн хөнгөлөлтийн дагуу долдугаар сарын 1 хүртэл ажил олгогч, даатгуулагч тус бүрээс тэтгэврийн даатгалд 8.5 хувь, эрүүл мэндийн даатгалын 2%, нийт 10.5 хувийн шимтгэл авч байна.

/Дэлгэрэнгүй хэсгээс хуулийн заалтуудыг хүлээн авна уу/

📌Мөн Хувь Хүний Орлогын Албан Татварын 10 хувийг нийт цалингаас бус, нэрлэсэн цалингийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлд даатгуулагчаас төлөх хувийг хассан дүнгээс суутгадаг байна. ГЭВЧ ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛД НИЙТ ДҮНГЭЭС СУУТГАХ МЭТ БИЧСЭН НЬ ТӨӨРӨГДҮҮЛСЭН АГУУЛГА БОЛЖЭЭ.

2. Долдугаар сарын 1-ээс НДШ нэмэгдэх тухайд:

📌2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-аар баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулиар 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх зохицуулалтыг тусгасан. /дэлгэрэнгүй хэсгээс харна уу/ Энэхүү хуулийн хэрэгжих хугацаа дуусмагц Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1 болон 15.5 дугаарт заасан хувь хэмжээгээр шимтгэлийг тооцож эхлэх юм.

📌Баримт шалгасан мэдээлэлд цалингийн хувь хэмжээг 2.5 сая төгрөгийн нэрлэсэн цалинтай ажилтны хувьд тооцож оруулсан тооцоолол нь зөв боловч, тухайн мэдээллийг гарчигласан байдал, татварын хувь хэмжээг нийлбэр дүнгээр тооцох мэт агуулгаар оруулсан, мөн энэ нь шинээр орж буй өөрчлөлт мэт ойлгогдохоор бичсэн байдал нь энэхүү мэдээллийг бүхэлдээ ТӨӨРӨГДҮҮЛСЭН гэж дүгнэхэд хүргэж байна. Mongolian Fact-checking Center-ийн ангиллаар энэхүү мэдээлэл нь malinformarion буюу үнэн мэдээлэлд тулгуурлан олон нийтэд сөрөг, буруу ойлголт төрүүлэх зорилгоор бичигдсэн хуурамч мэдээлэл төрөлд хамаарч байна.

Нэмэлт мэдээлэл:

⚠️Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дэлгэрэнгүй мэдээлэл:

-2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцож байсан.

-Мөн хуулийн 22 дугаар зүйлээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувиар; сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар; ажил олгогч, даатгуулагч болон сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг дээрх хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор зохицуулсан.

⚠️Нийгмийн даатгалын тухай хуульд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх шимтгэлийг оруулсан байдал:

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1-д ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг 12.7%, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг 12.5% гэж зааж өгсөн. /2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд оруулсан өөрчлөлтөөр/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.4-т “…даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө” гэж заасан. Энэ дагуу ажил олгогч 12.7 хувийн шимтгэл дээр энэхүү Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал болох 0.8 хувийг нэмээд 13.5 хувийг төлнө. Гэхдээ Үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд ажил олгогч салбараас хамаарч ялгаатай байдлаар шимтгэл төлдөг.

Эрчим хүч, уул уурхай, газрын тос, хий, хими, зам, тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, үйлчилгээ, эрүүл мэндийн салбар-2.8 хувиар;

Геологи, хайгуул, зам, тээвэр, холбоо, барилга, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны салбар-1.8 хувиар;

Бусад аж ахуйн нэгж, байгууллага-0.8 хувиар;

/Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны вэбсайтад “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал” хэсэгт, холбоосыг хавсаргав/

⚠️Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд НДШ-ийг үе шаттай нэмэгдүүлэх талаар тусгасан байдал:

Уг хуулийн 3-ийн 3 дугаарт “шимтгэлийн хувь хэмжээ 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай байна” гэж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулжээ.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод#ThinkFirst


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээ
Нийгмийн даатгалын тухай хууль
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тухай
Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль
НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль
Хувь хүний албан татварын тухай хууль

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document