Асашёрюү Дагвадорж: Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [ТӨӨРӨГДҮҮЛСЭН] 2021 оны тавдугаар сарын 3-ны 16:23 цагт сумогийн их аварга асан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж өөрийн хөтөлдөг Asashoryu Dagvadorj нэртэй Facebook хаягаар “Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ” гэх мэдээлэл оруулсан нь тавдугаар сарын 4-ны 10:00 цагийн байдлаар 975 удаа хуваалцаж, 553 сэтгэгдэл авсан байна.
    📌Уг пост нь “За хүмүүс минь Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ!!! Гуймтгай мөртлөө Голомхой гэдэг шиг Хятад вакцинаа хийх нь дээр юм бн шүү! Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ! Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа нэмээд хийлгэхээс өөр араггүй боллоо! Цэрэнд бол 3-ыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо. За амжилт хүсье!” гэсэн бөгөөд Интермед эмнэлгийн лабораторын шинжилгээний хариуны зургийн тавьсан байв. Уг зурагт Д.Дагвадорж тавдугаар сарын 1-ний 14:49 цагт шинжилгээ захиалсан бөгөөд 20:20 цагт эмч Б.Отгонтуяа шинжилгээ хийж, Anti-SARS-Cov-2-N төрлийн эсрэг биеийн хэмжээ 0.08 байгааг тодорхойлсон байна.

#FactCheckedByMFCC

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    Интермед эмнэлэгт COVID-19 коронавируст халдварын эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн ANTI-SARS-COV-2-N тестээр шалгадаг бөгөөд зөвхөн идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин буюу Монголд хийсэн вакцинуудаас БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцин тариулсан хүмүүст хийдэг. Мөн COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн эсэхийг шалгадаг гэжээ. /мэдээллийг зургаас харна уу/
    -Энэхүү тест нь N уурагт эсрэг бие үүссэн эсэхийг л шалгадаг. Харин Спутник вакцины дараа эсрэг бие үүссэн эсэхийг IgG уургийн хэмжээнд шинжилгээ хийх аргаар тогтоодог. Үүнд ОХУ-ын Новосибирскийн Вектор төвд бүтээсэн эсрэг бие шалгах тест илүү үр дүнтэй. /мэдээллийг холбоосоор хавсаргав/

    “Манайх зөвхөн Хятадын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцин хийлгэсэн хүмүүс эсрэг бие үүссэн эсэхийг шалгадаг байсан. Өнөөдрөөс тест дууссан тул эсрэг биеийн шинжилгээ хийхгүй байгаа” гэсэн юм.

    Тухайлбал, Twitter-т ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тавдугаар сарын 3-ний 19:32 цагт өөрийн ХӨСҮТ Баттөр нэртэй @Battur23 хаягаар 📌“Интермэд эмнэлэг 4.20-нд ийм мэдээлэл өгсөн л юм бн. Anti-SARS-Cov-2-N эсрэгбиеийг Sinopharm-ийн вакцин тариулсан хүмүүст үзнэ гэсэн байна. Шаардлагагүй бол битгий эсрэг бие үзүүлээрэй л гээд сануулсан даа. Баахан хүмүүс төлбөртэй шинжилгээ өгчээ дээ. JCI accredited эмнэлэгт итгэдэг шүү” гэж жиргэсэн байв.

    📌Мөн Д.Дагвадорж өөрийн Asashoryu Dagvadorj нэртэй Facebook хаягаараа тавдугаар сарын 3-ны 19:13 цагт “Шинжилгээ буруу авсан байна гэнэ шүү, Та Спутник хийлгэсэн учраас S ag эсрэг antibody үзэх ёстой. За тийм байлгүй дээ, ХӨСҮТ-ийн Баттөр эмч тэгж байна” гэж постолсон боловч устгасан байв. /постыг зургаас харна уу/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst