Жон Савэйжо залилуулж, Монголоос явснаас хойш MagicNet дампуурсан гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны 5-р сарын 27-нд @Uyanga_ts гэсэн Твиттер хаягаас Монголын интернэтийн жинхэнэ эцэг Жон Савэйжо гэх агуулгатай пост оруулжээ. Уг постод “Хэн нэг нь Монголын Интернэтийн эцэг гэгдэх ёстой бол Жон Савэйжо гэж нэр танил байх ёстой доо. Заядуулснаасаа болоод Монголоос явсанаас нь хойш МэйжикНэт дампуурчихсан” гэж бичсэн байв. 2021 оны 6-р сарын 7-ны байдлаар 22 хүн хуваалцаж, 48 лайк, 11 сэтгэгдэл үлдээжээ.

#FactCheckedByMFCC

🔎Үүний дагуу бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    📌2021 оны тавдугаар сарын 29-нд уг шалгалт хийсэн Твиттер жиргээ болон өөр бусад мэдээлэлтэй холбоотойгоор Mungun MG нэртэй Фейсбүүк хэрэглэгч “Жон Савэйжотой холбоо барьсан бөгөөд түүнээс мэдээллийн үнэн зөвийг тодруулсан” гэдгээ бичсэн байна. Уг постод дараах тайлбарыг бичиж, и-мэйлийн зургийг хавсаргасан байв. /холбоосыг хавсаргав/

    📌Facebook хэрэглэгч постынхоо тайлбар хэсэгт “Би 1995 онд Датаком компанид орж Энхбат захирлын удирдлагад ажиллаж Монголд анх өндөр хурдны Интэрнэт оруулах ажилд гар бие оролцож байсан хүний хувьд сүүлийн үед олон нийтийн сүлжээнд гараад байгаа худал мэдээлэлд үнэн зөв хариу өгөх үүднээс тухайн үед Датаком компанийн охин компани болох Мэйжикнэт-д хөрөнгө оруулагч болон захирал хийж байсан Жон Савэйжогоос тодруулга авсанаа хүргэж бна. Жич: Миний бие мөн Датаком компаниас салбарласан монголын анхны Интэрнэт олон нийтийн төв болон Датанэт, Мэйжикнэт компани байгууллагуудаар овоглон олон жил ажиллаж байсан болно” гэжээ.

    📌Зурагт хавсралтаар оруулсан “Жон Савэйжогоос авсан тодруулга” гэх и-мэйлийн орчуулгыг хүргэж байна. “Датаком болон МежикНэтийн үүсгэн байгуулалтын талаар асуусанд баярлалаа. Би Датакомын талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа ч анх Энхбатын удирдлагаар Монголд интернэтийг нэвтрүүлэх алсын хараатай эхэлж байсан. Тухайн үед би Спринтийн Хятад дахь төлөөлөгч байсан бөгөөд төв оффисоос хүсэлт ирсэн нь Датакомд хиймэл дагуулаар дамжуулан Монголоос Калифорниа дахь Спринтийн олон улсын менежерт интернэт код холбох ажилд нь туслах байсан юм. Энхбат болон Наранцэцэг нар уг холболтын ажилд Улаанбаатараас төлөөлж байсан. Би Спринтийн Хятад дахь салбараас Датакомын интернэт холболт хийх ажилд туслуулахаар хэд хэдэн инженер явуулж байв. Спринт, Датаком мөн түүнчлэн МежикНэтийн харилцаа Датаком Монгол орон даяар үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байсан 1990-ээд оноос сайжирч эхэлсэн. МежикНет Монголд интернет үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа нь тэлж байсантай холбогдуулан Спринтийн зүгээс логистик, техникийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй оролцсон. Яг тэр үед хурдацтай хөгжиж байсан интернэт үйлчилгээний салбарт өөр нэгэн оролцогч гарч ирснээр илүү өрсөлдөөнтэй болгосон юм. 2000 оны эхэн үед Датаком болон МежикНэт мэдээллийн технологийн бизнес болон интернэт үйлчилгээний бизнесээ тусад нь салгасан. Би дөнгөж л стартап компаниа орхиод, хоёр жилийн хугацаанд МежикНетийн үйлчилгээг сайжруулж, өрсөлдөхүйц болгоход нь туслахаар шийдээд байсан хэрэг. Хоёр жил МежикНэтийн Гүйцэтгэх захирлаар ажиллаад, дараа нь Бодь интернейшнлтэй нэгдэхээр болоход Датакомын хуучин оффисоос нүүгээд Бодь интернейшнлийн барилгад нүүж очсон. Энэ нь Засгийн газраас арилжааны байгууллага төрийн барилга, байгууламжид байж болохгүй гэх захирамж гаргасантай холбоотой байсан юм. Намайг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд Энхбат ТУЗ-ийн үндсэн гишүүн байсан бөгөөд миний үйл ажиллагааг чиглүүлж, МежикНэт болон интернэтээр дамжуулан Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэхээр хичээж байв. Би 2004 оны нэгдүгээр сард Монгол дахь ажлаа дуусгасан. Монголд байгаа хуучин хамтран ажиллагсад болон найзууддаа сайн сайхныг хүсье”

    📌Тэрбээр Мөнгөнбаяр гэх хүнтэй өмнө нь хамт ажиллаж байсан бөгөөд хүсэлтийнх нь дагуу Датаком болон МейжикНэт-д ямар оролцоотой ажилласан тухайгаа бичсэн гэдгээ баталгаажуулсан юм.

    Жон Савэйжо Mongolian Fact-checking center-т хариу ирүүлэхдээ, “Би бичсэн зүйлийг тань маш анхааралтай уншлаа... Намайг МежикНэт-д байхад миний удирдлагад ажилладаг байсан Мөнгөнбаяр намайг Монгол Улсын интернэтийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан тухайгаа энгийн тайлбар хийхийг хүссэн юм. MCS, Бодь интернейшнл, Телеком Монголиа, тэр бүү хэл үүрэн холбооны компаниуд зэрэг миний өгсөн мэдээллийг батлах маш олон хүмүүс Монголд бий... Би 2004 онд Монголоос явснаасаа хойш Энхбаттай биечлэн холбоо бариагүй, сонгуульд өрсөлдөж буйг нь өнгөрсөн долоо хоногт л мэдсэн. Түүнд амжилт хүсэж байна. Монгол Улсын улс төрийн асуудал надад үнэхээр сонин биш, 2004 оноос хойш очоогүй. Мөн надад Монгол Улс болон хүмүүстэй холбоотой олон сайхан дурсамжууд бий ч үнэхээр л онцын шаардлага гарахгүй бол буцаж очих хүсэлгүй байгаа. Бүргэдийн зураг авах боломж олдвол харин очиж магадгүй.

    АНУ-ын иргэний хувьд танай улсын улс төрд оролцох, аль нэг нэр дэвшигчийн чадвар, шалгуурт нийцэх эсэх эсвэл хууль ёсны байдалд үнэлгээ өгч, байр сууриа илэрхийлж болохгүй шүү дээ. Тэр асуудал бол монголчуудын л шийдэх хэрэг. Сонгуульд нь амжилт хүсье!” гэсэн байв.

    Монголын интернэт үйлчилгээний анхдагч компани болох Мэйжикнэт ХХК нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө НҮБ, зарим Элчин сайдын яам, олон улсын байгууллагууд, төрийн байгууллагууд болон томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладагаас гадна Монголын томоохон арилжааны банкуудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай. Мэйжикнэт ХХК зөвхөн интернэтийн урсгалыг түгээх, холболтын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй, интернэтэд суурилсан программ хангамж, техникийн шийдлийг боловсруулах үйлчилгээг эхлүүлэн амжилттай хөгжүүлж ажиллаж ирсэн тухайгаа өөрийн албан ёсны вэбсайт болох magicnet.mn-дээ бичжээ. Хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сараас эхлэн суурин холбооны операторын MagicCall7997 үйлчилгээг нэвтрүүлэн аж ахуйн нэгж байгууллагуудыг интернэт- харилцаа холбооны иж бүрэн, хямд өртөг бүхий үйлчилгээгээр хангаж эхлээд байна. /холбоосыг хавсаргав/ Үүгээр энэ байгууллага дампуурсан гэх мэдээлэл няцаагдаж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst