Хар машинд монгол залуус программ бичиж хүссэн үр дүнг гаргадаг болсон гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

totgo.mn гэх нэртэй facebook пэйжид сонгуулийн санал тоолох автомат машины талаар ноцтой мэдээлэл агуулсан бичлэг цацагдсан. Бичлэгийн тайлбар хэсэгт “2020 оны #УИХ-ын болон #Орон нутгийн #сонгууль_луйвар болсон тухай гэрч залуу мэдэгдлээ❗❗❗#IT Г.Ган-Очир: 2012 онд Сонгуулийн Хар машин Монголд орж ирэхдээ 6 жилийн лицензтэй орж ирсэн. #Тэр лиценз нь 2018 онд дуусаад СЕХ Мөөгий, Мөнхбат гэдэг хоёр залуугаар программыг нь бичүүлсэн. Энэ хоёр залуу программыг нь бичихдээ өөрсдийнхөө хүссэнээр удирдаж чаддаг болгосон. #Ингэснээр хүссэн нэр дэвшигчээ сонгуульд ялах боломжтой болгосон. #Маш сайн нууцлалтай байсан ч сүүлд оруулсан программаар ямар ч цаасыг уншдаг болгосон. 2020 оны 06 сар болон, 10 сарын Орон нутгийн сонгуулиар бар кодгүй цаасаар сонгууль авч тухайн ялуулах нэр дэвшигч рүү саналыг нь өгүүлдэг байсан. #УИХ, #ОНС#ЛУЙВАР” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэрэв монгол залуус программд нэвтэрч, задалж, судалж, тодорхой хэсэгт өөрчлөлт оруулсан бол /хакердсан бол/ энэхүү гэрээг цуцалж, манай улсын зөрчлийн талаар олон улсад мэдээлэх зохицуулалттай байсан. Dominion Voting Systems компанийн программ хангамжийг задалж, өөрчлөлт оруулсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.

Саналын хуудсын нууцлал бүхий тэмдэглэгээ /бар код/ нь тухайн хэсгийн хорооны мэдээллийг агуулж, саналыг тоолох гол шалгуур тул “бар кодгүй цаасаар санал өгүүлнэ” гэдэг ойлголт байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #70

2021.06.08 | Улаанбаатар хот, Монгол

2021 оны тавдугаар сарын 20-нд totgo.mn гэх нэртэй facebook пэйжид сонгуулийн санал тоолох автомат машины талаар ноцтой мэдээлэл агуулсан бичлэг цацагдсан. Бичлэгийн тайлбар хэсэгт “2020 оны #УИХ-ын болон #Орон нутгийн #сонгууль_луйвар болсон тухай гэрч залуу мэдэгдлээ❗❗❗#IT Г.Ган-Очир: 2012 онд Сонгуулийн Хар машин Монголд орж ирэхдээ 6 жилийн лицензтэй орж ирсэн. #Тэр лиценз нь 2018 онд дуусаад СЕХ Мөөгий, Мөнхбат гэдэг хоёр залуугаар программыг нь бичүүлсэн. Энэ хоёр залуу программыг нь бичихдээ өөрсдийнхөө хүссэнээр удирдаж чаддаг болгосон. #Ингэснээр хүссэн нэр дэвшигчээ сонгуульд ялах боломжтой болгосон. #Маш сайн нууцлалтай байсан ч сүүлд оруулсан программаар ямар ч цаасыг уншдаг болгосон. 2020 оны 06 сар болон, 10 сарын Орон нутгийн сонгуулиар бар кодгүй цаасаар сонгууль авч тухайн ялуулах нэр дэвшигч рүү саналыг нь өгүүлдэг байсан. #УИХ, #ОНС#ЛУЙВАР” гэжээ.

🔎Бид өмгөөллийн Fidelitas Partners Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран баримтын шалгалт хийлээ.

📌Уг пэйж 2021 оны нэгдүгээр сарын 6-нд “Шүгэл үлээгчид” нэртэй анх нээгдсэн ба дөрөвдүгээр сарын 22-нд totgo.mn гэх нэртэй болсон байна. Пэйжид оруулсан мэдээллүүдийн ихэнх нь totgo.mn гэх сайтын холбоосыг хавсаргаж, мэдээлэл түгээдэг. Уг сайт 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд нээгдсэн ба бүртгэлийн мэдээлэлдээ эзэмшигчийн нэрийг “nndi g” гэж товчилж, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, gnandia00@gmail.com гэх имэйл бүртгүүлжээ.

📌Ашигласан эх сурвалж:

  • 1. Манай Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төвийн 2021.06.04-ны А/21-004 тоот хүсэлтийн дагуу СЕХ-ноос ирүүлсэн 4/101 тоот хариунд хавсаргасан баримт, гэрээ, бусад мэдээлэл
  • 2. Dominion Voting Systems компанийн dallas.newby@dominionvoting.com албан имэйл харилцаа
  • 3. УЕПГ-ын албан ёсны вэбсайт
  • 4. Shilendans.gov.mn
  • 5. Who.is сайтын мэдээлэл шалгах хэрэглүүр
  • 6. CrowdTangle сошиал түгээлт хянах хэрэглүүр
  • 7. Олон улсын баримт шалгагчдын Dominion Voting Systems компанийн төхөөрөмжтэй холбоотой мэдээлэлд баримт шалгалт хийсэн туршлага /AP Fact-check/
  • 8. legalinfo.mn

I. “2012 онд Сонгуулийн Хар машин Монголд орж ирэхдээ 6 жилийн лицензтэй орж ирсэн” гэх мэдээлэл ❌ХУДАЛ

✅-Зургаан жилийн лицензтэй бус харин баталгаат хугацаа хоёр жил, энэ хугацаанд программ хангамжийн лицензийн төлбөр төлөхгүй. Үүнээс цааш сонгуульд хэрэглэх бүрдээ төлбөр төлөх ба нэгж машины программ хангамжийн лицензийн төлбөр 125 ам.доллар гэж гэрээнд заасан-

1. 2012 оны нэгдүгээр сарын 9-нд СЕХ болон Dominion Voting Systems компанийн хооронд байгуулсан “Монгол Улсад Сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлэхэд ашиглах сонгуулийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, нийлүүлэх, бусад үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний /цаашид Гэрээ гэх/ хавсралт “Программ хангамж ашиглах эрх” хэсэгт дараах зохицуулалтыг хийсэн байна.

📌2.1-д “Энэхүү лицензийн зөвшөөрөл нь барааг баталгаажуулах шалгалт хийж, хүлээн авсан өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд бусдад шилжүүлэх буюу дамжуулан зөвшөөрөл олгохыг хориглоно”;

📌3.1-д “Захиалагч нь чанарын баталгаат хугацаанд программ хангамжийн лицензийн төлбөр төлөхгүй”;

📌3.2-т “Чанарын баталгаат хугацаа дуусгавар болсноос хойш Захиалагч тал Нийлүүлэгчид программ хангамжийн лицензийн төлбөр төлнө”;

📌3.3-т “Энэ хавсралтын 3.2-т заасан төлбөрийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараах жилд 100,000 /нэг зуун мянган/ ам.доллар, үүнээс цааших хугацаанд сонгуульд ашиглах машины тоогоор төлнө. Нэгж машины программ хангамжийн лицензийн төлбөр 125 /нэг зуун хорин таван/ ам.доллар байна” гэж тус тус заажээ. /гэрээг зургаас харна уу/

II. “2018 онд дуусаад СЕХ Мөөгий, Мөнхбат гэдэг хоёр залуугаар программыг нь бичүүлсэн. Энэ хоёр залуу программыг нь бичихдээ өөрсдийнхөө хүссэнээр удирдаж чаддаг болгосон” гэх мэдээлэл ❌БАТЛАГДААГҮЙ

1. Шалгаж буй бичлэгт санал тоолох машиныг хакердахдаа флаш хэрэглэдэг мэт ойлгогдохоор зүйл ярьсан. “Хар машин” буюу ICP төхөөрөмжид USB оролт байдаг эсэхийг СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалангаас асуухад, 📌USB оролт байдаг, гэхдээ үүнд чихэвч залгаад харааны бэрхшээлтэй хүнийг саналын хуудсаа уншуулах үед мэдээллийг сонсгох зорилгоор ашигладаг. Манайд брайл үсгээр саналын хуудас хэвлэж байгаагүй тул нэг ч удаа ашиглаагүй, лацаддаг. Энэ USB оролтоор үндсэн санах ойд нэвтрэх боломжгүй” гэж тайлбарласан юм.

2. Бид АНУ-ын Dominion Voting Systems компанид хандахдаа энэ асуудал болон программ хангамжтай холбоотой бусад асуултад хариулт авахыг хүссэн юм.

📌2021 оны зургадугаар сарын 8-ны 17:05 цагт Dominion Voting Systems компанийн Олон улсын бизнес хариуцсан захирал Даллас Ньюбигээс хариу имэйл ирсэн. Тэрбээр хариу захидалдаа:

📌Монголын Сонгуулийн Ерөнхий Хороо программыг өөрчлөх боломжгүй

📌ICP төхөөрөмжид бүрэн ажиллагаатай USB порт байхгүй. ICP нь USB залгууртай боловч энэ нь бүрэн ажиллагаатай USB порт биш. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санал өгөхөд туслах зориулалттай нэмэлт хэрэгслийг дэмжин ажиллах зориулалттай холболт юм.

📌ICP санал тооллогын машины программ хангамжийг гаднын халдлагаар өөрчлөх боломжтой юу. Монгол Улсад зориулан программчилсан ICP-д халдах оролдлого гарч байсан уу гэсэн асуултад “Үгүй” гэсэн хариулт;

📌СЕХ болон Доминион Вөүтинг Систем компанийн хооронд хийсэн анхны программ хангамжийн лицензийн гэрээнд өөрчлөлт хийгдээгүй.

✅Dominion Voting Systems компанийн Олон улсын бизнес хариуцсан захирал Даллас Ньюби энэхүү имэйлээрээ ICP төхөөрөмжийн программ хангамжийг гаднаас задалж, судалж удирдах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн юм.

3. Гэрээний ерөнхий зүйлийн 13.2-т “…Программ хангамжийг зарагдсанд тооцохгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхтэй байна” гэж заасан. Нууцлалыг гэрээнд тусгаж, зөрчсөн тохиолдолд өндөр төлбөр төлөх, гэрээ цуцлагдах заалттай. /зургаас харна уу/

4. СЕХ нь Dominion Voting Systems компанитай 2012.01.09-нд гэрээ байгуулж сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмж болон хоёр жилийн чанарын баталгаатай, түүнээс хойш төлбөр төлж хэрэглэх программ хангамжийг авч ашигласнаас хойш дараа дараагийн сонгууль тухай бүрд “Ажил гүйцэтгэх гэрээ” /2016.03.02/ болон “Худалдан авах гэрээ” /2020.03.30/ байгуулж ажилласан нь shilendans.gov.mn вэбсайтад нээлттэй байршуулсан байна. /холбоосыг хавсаргав/

📌Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд Dominion Voting Systems компанийн Олон улсын бизнес хариуцсан захирал Даллас Ньюби СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэд “санал тоолох төхөөрөмжид уншигдах саналын хуудас хэвлэх шаардлага хангах эсэхэд дүгнэлт гаргах, гэрчилгээ олгох ажлын үр дүнгийн талаарх мэдээллийг” хүссэн албан бичигт хариу ирүүлсэн баримт зэргээс АНУ-ын Dominion Voting Systems компанитай программ хангамж болон тоног төхөөрөмж, бусад шалтгаанаар БАЙНГЫН ХОЛБООТОЙ ажиллаж байгааг нотолж болно.

✅Хэрэв монгол залуус программд нэвтэрч, задалж, судалж, тодорхой хэсэгт өөрчлөлт оруулсан бол /хакердсан бол/ энэхүү гэрээг цуцалж, манай улсын зөрчлийн талаар олон улсад мэдээлэх зохицуулалттай байсан. Dominion Voting Systems компанийн программ хангамжийг задалж, өөрчлөлт оруулсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.

5. Бид СЕХ руу А/21-004 тоот албан бичгээр холбогдох баримтуудыг гаргаж өгөхийг хүссэн ба ирүүлсэн хариуд “СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв нь 2012 онд анх байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш тус байгууллагад “Мөөгий, Мөнхбат” гэх хүн ажиллаж байгаагүй нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн байв.

📌Гэхдээ шалгаж буй бичлэгт иргэн Г.Ган-Очир ярихдаа дээрх нэр бүхий хоёр хүнийг СЕХ-ны ажилтан гэж хэлээгүй. Тиймээс бид Ажил гүйцэтгэх гэрээгээр гаднын мэргэжилтнүүдээр хийлгэсэн байж болох хувилбарыг Д.Бат-Эрдэнэ даргаас асуухад “Бусдаар мэдээллийн технологийн ажил гүйцэтгүүлээгүй” гэж ярьсныг бичлэгээр баталгаажуулж авсан болно.

6. Тагнуулын Ерөнхий Газарт гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгаад хаасан энэ хэргийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээлэл өгсөн. Уг мэдээлэлд, 📌МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сонгуулийн санал хураалтын автоматжуулсан системд нөлөөлж сонгуулийн дүнг өөрчилж гаргана гэж бусдаас мөнгө авсан байж болзошгүй” гэж нэр бүхий иргэдийг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий Газарт гомдол, мэдээлэл гаргасан. Уг гомдол, мэдээллийн дагуу ТЕГ-аас шалгалт хийхэд тухайн иргэд 📌“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй. Мөн энэ шалгалтаар сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг тогтоосон. Иймд ТЕГ-аас 📌“Бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэж үзсэн. Тиймээс тус газрын харьяалан шалгах асуудал биш учраас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад иргэд МАН болон АН-ын албан тушаалтнуудад 📌“2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд серверийг хакердан нөлөөлж чадна” гэж ХУДЛАА ЯРЬЖ их хэмжээний мөнгө шаардсан боловч ямар нэгэн хөрөнгө, мөнгө авч чадаагүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бусдыг залилах үйлдэл хийсэн ч хэн нэгний эрх ашигт бодитой хохирол учруулаагүй учраас хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаах саналыг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ирүүлсэн. Тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэргийг хянаад, мөрдөгчийн санал үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-4 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна” гэжээ. /холбоосыг хавсаргав/

III. “2020 оны 06 сар болон, 10 сарын Орон нутгийн сонгуулиар бар кодгүй цаасаар сонгууль авч тухайн ялуулах нэр дэвшигч рүү саналыг нь өгүүлдэг байсан” гэх мэдээлэл ❌ХУДАЛ

✅-Саналын хуудсын нууцлал бүхий тэмдэглэгээ /бар код/ нь тухайн хэсгийн хорооны мэдээллийг агуулж, саналыг тоолох гол шалгуур тул “бар кодгүй цаасаар санал өгүүлнэ” гэдэг ойлголт байхгүй-

1. Бид СЕХ-нд хандсаны дагуу Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ болон Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан нар хүлээн авч уулзсан. Д.Бат-Эрдэнэ, “2012 оноос хойшхи бүх баримтыг үзэх нээлттэй байдаг. Саналын хуудсуудыг архивт хадгалдаг бөгөөд хүсэлт гаргасан хэнд ч үзүүлэхэд нээлттэй. Төхөөрөмж асуудалгүй тоолдог гэдгийг мэддэг ч гэсэн хүмүүс гомдол, санал гаргасаар байдаг. Гэхдээ ингэж бодитой, цэгцтэй баримт нэхэж ирсэн хүн одоогоор байхгүй. Бид Dominion Voting Systems компанийн төхөөрөмжийг программ хангамжтай нь хамт хэрэглэж байна. Энгийн үгээр хэлэхэд Windows үйлдлийн системийн төлбөрийг төлөөд ашигладагтай адил. Энэ төхөөрөмж саналын хуудастайгаа хоршиж ажилладаг. Саналын хуудас дээр байгаа бар код нь хоршиж ажиллах өгөгдлийг хийж байгаа гэдэг утгаараа Dominion Voting Systems компани ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ эзэмшдэг. Тиймээс саналын хуудсын нууцлал, форматаас эхлээд хэвлэх үйлдвэрийн агаарын чийгшлийг заах хүртэл маш өндөр шаардлага тавьдаг” гэж ярьсан.

📌Саналын хуудсыг Демокраси Сүит сонгуулийн удирдлагын системээр Dominion Voting бүтээсэн бөгөөд дуурайлган хийхээс хамгаалах үүднээс саналын хуудасны зах ирмэгээр байдаг хугацааны тэмдэглэгээ, гурван буланд байдаг тэмдэглэгээ, саналын хуудасны тусгай танигч болон санал тэмдэглэх зууван дугуй тэмдэглэгээ зэрэг нууцлалын шаардлагыг хангах хэвлэлийн компанид гэрчилгээ олгож баталдаг. Үүнийг мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар баталгаажуулсан. /холбоосыг хавсаргав/

2. 2020 оны УИХ болон Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нь байршил, хэсгийн хороо, нэр дэвшигчдийн мэдээллийг агуулсан тэмдэглэгээтэйг СЕХ-ны архиваас авсан саналын хуудасны хуулбараар баталгаажуулж байна. /зургаас харна уу/

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод#ThinkFirst


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Гэрч Г.Ган-Очирын яриа
Д.ДАШМАА: САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАКЕРДАХ БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ ХЭРЭГ ШАЛГАХ ЯВЦАД ТОГТООСОН
Шилэн данснаас харах
Dominion Vote АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр их хэмжээний саналыг устгасан гэх Трампын жиргээнд баримт AP Fact Chek баримт шалгалт хийсэн нийтлэл
СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ
СЕХ-ны Мэдээлэл Технологийн Төвийн захирал Х.Баясгалангийн яриа

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document