Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2021 оны 6-р сарын 9-нд @GanganStyle нэртэй Твиттер хэрэглэгч эмнэлэгт хэвтсэн хүмүүс тавдугаар сарын 31-нээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх хүсэлтээ гаргах ёстой байсан гэх агуулгатай пост оруулжээ. Жиргээндээ хавсалтаар оруулсан зурагт “Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна шүү дээ. Эмнэлгээсээ асуутал 5 сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөх ёстой байсан гэнэ. Тэр үед би өвдөхөө ч мэдээгүй байсан” гэсэн байна. Мөн посныхоо дор “Тэгснээ миний дараа туссан хүнээс гэрт нь очоод авчихсан байх юм” гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

#FactCheckedByMFCC

🔎 Бид өмгөөллийн Fidelitas Partners ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    📌6.9 Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.

    ✅Энэ журмын дагуу 7-оос бага хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн бол саналаа зөөврийн хайрцгаар өгөх боломжгүй юм.

    📌6.10 Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.2-т заасны дагуу санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд гаргана.

    ✅Энэ нь гэр болон тусгаарлах байранд байгаа иргэдэд хамаатай бөгөөд тэд 3-аас доошгүй хоногийн дотор саналаа зөөврийн хайрцгаар өгөх хүсэлтээ гаргаж болно. Тиймээс дээрх мэдээлэлд оруулснаар эмнэлэгт хэвтсэн хүнээс хойш тусгаарлагдсан иргэний гэрт нь очиж санал авах боломжтой юм.

    *6.8.1 - Коронавирус халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч;

    *6.8.2 - Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Гэр (амрах байр)-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч;

    *6.8.3 - Энэ журмын 6.8.1, 6.8.2-т заасан үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн тусгаарлах байр, эмнэлэгт тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын зэрэг албан хаагч нарыг тус тус хэлнэ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst