Номын баярыг бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР болгох хуулийн төсөл санаачилжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Үнэн] 2021 оны зургадугаар сарын 13-нд thegegee.com домайн нэртэй сайтад “Номын баярыг амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ” гэх утгатай мэдээ оруулсан. Зургадугаар сарын 14-ний 20:00 цагт уг мэдээний тархсан байдлыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад facebook платформд нийт 7477 хариу үйлдэл авсан байна. Үүнээс 581 удаа хуваалцаж, 2902 сэтгэгдэл, 3944 реакц даржээ. Мөн twitter-т уг сайтын холбоосыг хавсаргаж зургаан удаа жиргэсэн байна. Мөн энэ агуулгаар мэдээллийн сайтууд мэдээ оруулсан байна. /зургаас харна уу/

#FactCheckedByMFCC

🔎 Бид өмгөөллийн Fidelitas Partners ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    📌Шалгаж буй мэдээллийн гол агуулга нь “...Энэ сарын 18-ны өдөр /2020.09.18/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд БҮХ НИЙТЭЭР АМАРДАГ БОЛОХ НЬ. Энэ нь өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн “Номын баяр” гэх жил бүр зохион байгууллагддаг өдөр юм… Энэхүү ажлыг өргөтгөн хөгжүүлж, шаардлагатай төсөв хөрөнгөд нэмэр болох мөн зохиолчдыг дэмжих чиглэлд ажилах нь чухал болохоос бүх нийтээр амрах нь тулгамдсан асуудал мөн үү” гэсэн байна.

    📌УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан тухай УИХ-ын цахим хэлэлцүүлгийн forum.parliament.mn вэбсайтад 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр тавигджээ. /холбоосыг хавсаргав/

    📌Дээрх сайт зургадугаар сарын 13-нд оруулсан мэдээндээ “Энэ сарын 18-нд өргөн барьсан” гэж оруулсан нь төөрөгдүүлсэн агуулгатай болжээ.

    📌Өнгөрсөн оны есдүгээр сард өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 16-ны лхагва гарагийн 11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр хуваарьт оруулж ирсэн байна. /холбоосыг хавсаргав/

    📌Өнгөрсөн оны есдүгээр сард өргөн барьсан хуулийн төсөлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэж нэмэлт оруулах” гэж заасан. 📌Өөрөөр хэлбэл, тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Номын баярыг тэмдэглэлт өдөр болгох санал оруулж байгаа гэсэн үг. Тэмдэглэлт өдрүүдийг дээрх хуулийн 5.1-д тодорхой зааж өгсөн бас энэ өдрүүдэд БҮХ НИЙТЭЭР АМАРДАГГҮЙ. /холбоос хавсаргав./

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн

✅3.1.1-д “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг,

✅3.1.2-т “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг ойлгоно гэж заасан.

✅Нийтээр тэмдэглэх БАЯРЫН ӨДӨР-ийг хуулийн 4.1-т,

✅Нийтээр тэмдэглэх ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД-ийг хуулийн 5.1-т тус тус заан хуульчилсан. /хуулийн холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst