Долдугаар сарын 1-ээс хараалын үг ашиглавал торгоно гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны зургадугаар сарын 15-нд MongolianFactCheckingCenter пэйж хаягт шалгуулахаар өгсөн хүсэлтийг нягталлаа. Уг мэдээлэл нь udirdagch.com гэх домайн нэртэй сайтад оруулсан 📌“Ирэх долдугаар сарын 1-ээс цахим сүлжээнд зүй бус хэллэг, хараалын үг хэрэглэвэл торгууль ногдуулахаар хэлэлцэж байна. Цахим орчинд хагас жилд 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэрэг үйлдэгджээ. Зүй бус үг хэллэг ашигласан тохиолдолд иргэнийг 100.000-150.000 төгрөгөөр. Бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд 300.000-500.000 төгрөгөөр торгох хууль батлагдах гэж байгаа юм байна” гэсэн мэдээлэл байв. Уг мэдээ нь зургадугаар сарын 15-ны 23:00 цагийн байдлаар фэйсбүүкт 8293 хариу үйлдэл авсан байна. Үүнээс 563 удаа цааш түгээж, 2915 сэтгэгдэл, 4815 реакц авсан байна.

Мөн хараалын үг хэрэглэвэл торгох тухай жагсаалтыг “7 сарын 1-ээс хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс” гэж оруулсан ба торгуулийн хэмжээг 150 мянгаас 5 сая төгрөгийн хооронд байна гэсэн тайлбартай хараалын үгийн зураг торгуулийн хэмжээг оруулсан хуурамч мэдээлэл цахим сүлжээнд ихээр тархсан юм.

#FactCheckedByMFCC

🔎 Бид өмгөөллийн Fidelitas Partners ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    📌 Одоогоор 1996 онд батлагдсан Соёлын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн нь эцэслэн батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд байна. 2021.07.01-ний өдрөөс хэрэгжих соёлын тухай хууль гэж байхгүй байна.

    ✅ Харин 2021.07.01-ний өдрөөс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.20-д “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих” гэсэн хэсэг нэмэгдсэн байна. Уг заалтад “Хүний эрх хамгаалагчийг доромжлох, гүтгэх, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах арга хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Хараалын үг, зүй бус хэллэг нь энэ хэсгийн “доромжлох, гүтгэх” гэдэг хэсэгт хамаарч болох юм.

    📌Цахим орчинд хараалын үг хэллэг ашигласан /нэрлэн заасан/ тохиолдолд торгохтой холбоотой заалт одоо үйлчилж буй Соёлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, энэ хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдэд аль алинд нь заагаагүй байна. /холбоосыг хавсаргав/

    ✅Соёлын тухай хуулийн 19-р зүйлд Соёлын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг заасан бөгөөд цахим орчинд үг хэллэг ашиглахтай холбоотой хязгаарлалт байхгүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 9.6-д “Соёлын тухай хууль зөрчих” гээд “соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүтгүүлэлгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн”, “Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашигласан, эсхүл эзэмшсэн бол торгох шийтгэл оногдуулах” гэсэн хоёр тохиолдлыг л хуульчлан заасан байна.

    📌Энэ мэдээлэл 2017 оны эхний хагас жилийн цахим гэмт хэргийн тайланг мэдээлэх үед дурдсан тоо агаад, хараалын үг, зүй бус хэллэгтэй огт холбоогүй юм.

    ✅Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн А/67 тоот тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах”, 26.2 “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах”, 26.3 “Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэхээр Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоосон. Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн 24 хүнд холбогдох 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэрэг, үйлдлийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татсан талаар тухайн үед мэдээлж байв. /холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst