ЭМЯ Файзер вакцины бүх зааврыг нь зөрчиж байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2021 оны зургадугаар сарын 14-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй facebook хэрэглэгчийн хаягаар “Файзер вакцины үйлдвэрээс гаргасан зааврын орчуулга энэ байна. ЭМЯ бүх зааврыг нь зөрчиж хийж байна. Та нар л хэлж шаардаж зогсоож чадна. ЭМЯ хүүхдэд ба жирэмсэн эхэд хийх гэж сурталчилж эхэллээ. Энэ бол хүүхэдтэй нь устгах аймшигтай хүн алалт шүү. Ковидоор үхээгүй монголчууд вакцин хийснээс хойш үхээд, илүү өвчлөөд байгааг нууж байгааг ухаар. Энэ заавар Английн засгийн газрын сайтад 2020 оны сүүлээр вакцин эхлэхийн өмнө гарч байсан” гэх тайлбар бичиж “Файзер вакцины танилцуулгад бичсэн зүйл” гэх зураг хавсарган постолсон байв. /шалгаж буй постыг хавсаргав/

Уг постыг зургадугаар сарын 23-ны 15:00 цагийн байдлаар 1.3 мянган удаа хуваалцсан байна.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    2020 оны 12 дугаар сарын 18-нд нийтлэгдэж, 2021 оны дөрөвдүгээр сарын 13-нд шинэчлэгдсэн COVID-19 вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрийн дагуу хүмүүст COVID-19 mRNA вакцин BNT162b2-ийг тарьж хэрэглэхэд зориулагдсан “COVID-19 мРНХ вакцины BNT162b2 (Pfizer / BioNTech) үндэсний протокол”-ыг хэлсэн бололтой. 📌Уг баримт бичигт вакцин хийж болохгүй заалттай тохиолдол нь 16-аас доош насны хүүхэд, цочмог анафилаксын шоктой, хурц халууралтай өвчтэй хүмүүст хориглосон байна. ✅ Гэхдээ энэ нь дэлхийн улсуудад 12-15 насны хүүхдэд хийхийг зөвшөөрч эхэлсэн тавдугаар сараас өмнөх зөвлөмж юм.

2. Зурагт бичсэн мэдээллүүдээс баримтаар шалгасан бодит мэдээллийг хүргэе.

✅ ДЭМБ 2021 оны зургадугаар сарын 15-нд шинэчилсэн зөвлөмждөө вакцинд түрүүлж хамрагдах шаардлагатай бүлэгт уг вакциныг хийгээд үр дүн хангалттай өндөр гарсан тохиолдолд 12-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхлэх эсэхээ бодолцох нь зүйтэй гэжээ. Уг зөвлөмжид бичсэнээр 📌“Хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүд ковидын хүнд хэлбэрээр өвчлөх нь харьцангуй ховор байдаг. Гэвч бидэнд байгаа судалгаа, мэдээллээр өсвөр насны хүүхдүүдийн ковидын халдвар тараах эрсдэл насанд хүрсэн хүмүүсийнхтэй адил байна. Тиймээс ДЭМБ-ын зүгээс улс орнуудыг ковид тусах эрсдэл өндөр, вакцинд яаралтай хамрагдах шаардлагатай бүлэг хүмүүс Файзер вакцины 2 тунг хийлгэсний дараа өндөр үр дүн үзүүлсэн тохиолдолд 12-15 насны хүүхдүүдэд уг вакциныг хийх боломжтой” гэжээ.

✅ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас мэдээлснээр Файзер вакциныг 12 болон түүнээс дээш насны хүмүүс хийхийг зөвшөөрсөн. Харин вакцины эхний тунд ноцтой хариу урвал үзүүлсэн болон вакцины аль нэг найрлагаас харшилтай хүмүүсийг уг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөжээ. 📌Тавдугаар сарын эхээр Канад болон АНУ 12-15 насныханд Файзер вакциныг хийж эхлсэн бөгөөд Европын холбоо мөн тавдугаар сарын 28-нд 12-оос дээш насны хүүхдүүдэд уг вакциныг хийж эхлэх зөвшөөрөл олгожээ. /Холбоосыг хавсаргав/

    📌 2021 оны 4-р сарын 20-нд шинэчлэгдэн нийтлэгдсэн ДЭМБ-ын Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE) яаралтай горимоор батлагдсан анхны ковидын эсрэг вакцин болох Файзер (Pfizer-BioNTech) вакциныг хэрэглэх бодлогын зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид:

✅ Файзер нь хүнд өвчин тусах эрсдэл бүхий янз бүрийн өвчтэй хүмүүст аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдсон. Үүнд гипертензи, чихрийн шижин, астма, уушиг, элэг, бөөрний өвчин, тогтвортой, хяналтанд байдаг архаг өвчнүүд орно.
✅ Дархлаа султай хүмүүст үзүүлэх нөлөөллийн талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Энэхүү түр зөвлөмж нь вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай дархлаа султай хүмүүс Файзер вакциныг хийлгэж болох ч эмчтэй зөвлөлдөж, хангалттай мэдээлэл, зөвлөгөө авсны дараа хийлгэхийг зөвлөж байна.
✅ ХДХВ-ийн халдвартай хүмүүс ковидын хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл өндөр байгаа. Эмнэлзүйн туршилтаар ХДХВ-ийн халдвартай, хяналтан дор эмчлүүлж буй хүмүүсийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл ч хомс байна. Иймд уг өвчнөөр өвдсөн хүмүүс ковидын эсрэг вакцин хийлгэхээсээ өмнө заавал мэдэгдэж, боломжтой бол нэмэлт зөвлөгөө авах хэрэгтэй.

✅ Вакциныг хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийгдээгүй боловч амьд вирусийн вакцин биш тул мРНХ нь эсийн цөмд ордоггүй, хурдан задардаг учир эсийн үйл ажиллагаанд саад учруулж чадахгүй.
✅ Хэрэв хөхүүл эмэгтэй вакцин хийлгэх шаардлагатай бүлэгт хамаарах (жишээлбэл эрүүл мэндийн ажилтан) бол вакцин хийлгэж болно. ДЭМБ-ын Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөл вакцин хийлгэсний дараа хөхөөр хооллохоо зогсоохыг зөвлөхгүй байгаа. ДЭМБ-аас цаашид энэ талаар баримтлах бодлогын зөвлөмжийг танилцуулахын тулд илүү олон баримт, нотолгоо цуглуулж буй.
✅ Жирэмсэн эмэгтэйчүүдэд ковид тусах эрсдэл өндөр байдаг ч жирэмсэн үед вакцин хийлгэснээр аюулгүй байх эсэх талаар маш бага мэдээлэл байдаг. COVID-19-өөр халдварласны үр дүн нь вакцины эрсдлээс илүү байх тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болно. Энэ шалтгааны улмаас SARS-CoV-2-т өртөх өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг (жишээлбэл, эрүүл мэндийн ажилтнууд) эсвэл хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийг эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр вакцинжуулж болно.

✅ Дээрх мэдээллүүдийн эх сурвалжтай танилцахыг хүсвэл хавсаргасан эх сурвалж болон холбоотой нийтлэлүүдийг харна уу.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst