ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцалж буйгаа зарлалаа гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2021 оны зургадугаар сарын 24-нд Tserenkhuu Ishtseden нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо” гэсэн пост оруулсан байна. /холбоосыг хавсаргав/
Уг постыг 2021.06.29 өдрийн 15:00 цагийн байдлаар 1,900 удаа хуваалцаж, 190 сэтгэгдэл үлдээж, 1,500 риакц даржээ.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    📌Уг зөвлөмжид: “Хүүхдүүд болон өсвөр насныхан насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад ковидын хүнд хэлбэрээр өвчлөх нь бага байдаг. Тиймээс ковидын өндөр эрсдэл бүхий бүлэгт хамаараагүй тохиолдолд эрүүл мэндийн ажилтнууд болон хүнд өвчтэй хүмүүсээс түрүүлж хүүхдүүдийг вакцинжуулах гэж яарах шаардлагагүй.

    Бусад төрлийн ковидын эсрэг вакцинд хүүхдүүдийг хамруулах талаар ерөнхий нэгдсэн зөвлөмж боловсруулахын тулд илүү их баримт нотолгоо, мэдээлэл хэрэгтэй байна. ✅ДЭМБ-ын Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE) Файзер / Pfizer-BioNTech/ вакциныг 12 болон түүнээс дээш насны хүмүүст хийж болно гэсэн зөвлөмж гаргасан. Тиймээс өндөр эрсдэлд буй 12-15 насны хүүхдүүд вакцинд түрүүлж хамрагдаж шаардлага бүхий бусад хүмүүсийн адилаар уг вакциныг хийлгэж болно. Хүүхдүүдэд вакцин хийх туршилт үргэлжилж байгаа бөгөөд үр дүн, өвчний тархац зэргийг харгалзаж, шаардлагатай бол ДЭМБ-аас тухай бүрт нь шинэчилсэн зөвлөмж оруулах болно.

    📌Хүүхдүүд үргэлжлүүлэн насны ангилалд заасны дагуу вакциндаа хамрагдах нь чухал.” гэжээ.

    ✅ДЭМБ-аас хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцалсан гэх ямар нэг албан ёсны мэдэгдэл гаргаагүй.

    📌Дээрх 6-р сарын 23-нд шинэчилсэн зөвлөмждөө эрсдэлт бүлгийн хүмүүсээс түрүүлж хүүхдийг вакцинжуулах гэж яарсны хэрэггүй гэсэн. Өөрөөр хэлбэл, өндөр настан, эмнэлгийн ажилтнууд гэх зэрэг вакцинд түрүүлж хамрагдахаар заасан хүмүүсийн дарааллыг алдагдуулж, хүүхдийг вакцинжуулах гэж яарах хэрэггүй гэсэн зөвлөмж гаргасан юм.

    📌Энэ мэдээллийг эшилсэн хэрнээ хүүхдэд вакцин хийхийг хориглосон мэтээр ойлгуулахыг санаархсан нь Mongolian Fact-Checking Center-ийн мөрддөг олон улсын баримт шалгагчдын ёс зүйн дүрмийн дагуу malinformation буюу үнэнийг агуулсан худал мэдээлэл төрөлд хамрагдах бөгөөд ихэвчлэн ийм төрлийн мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлдэг.

    ✅Одоогийн байдлаар зөвхөн Файзер /Pfizer-BioNTech/ вакциныг 12-15 насны хүүхдэд хийхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд бусад вакцины туршилт үргэлжилж байгаа. АНУ-ын Халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс “12-оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид ковидын эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй” гэж зөвлөж байна. 2021 оны 5-р сарын 28-нд Европын Холбооноос албан ёсоор Файзер вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарих зөвшөөрөл олгожээ.

✅ Дээрх мэдээллүүдийн эх сурвалжтай танилцахыг хүсвэл хавсаргасан эх сурвалж болон холбоотой нийтлэлүүдийг харна уу.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst