Лямбда (λ) хувилбар 72 цагт үхэлд хүргэдэг гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр @peaqmn нэртэй Твиттер хаягаас “Короновирусийн мутаци болох Лямбда хувилбар 72 цагийн дотор үхэлд хүргэдэг” гэж жиргэжээ. Уг жиргээнд “Коронавирусийн λ (lambda - Грек цагаан толгойн 11 дэх үсэг) хувилбар нь үхлийн хувь нь 40%, 21-28 хоногийн нууц үетэй, шинж тэмдэг илэрснээс хойш 72 цагт хүндэрч үхэлд хүргэнэ, ПГУ шинжилгээгээр илрэхгүй, КТГ-аар уушгины хатгалгаа болж илэрнэ” гэж бичсэн бөгөөд 2021.07.28 өдрийн 17:50 цагийн байдлаар 48 удаа хуваалцаж, 16 сэтгэгдэл үлдээж, 59 лайк даржээ.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    ✅ДЭМБ-ын мэдээлснээр Лямбда хувилбар нь хамгийн анх 2020 оны наймдугаар сард Перу улсад бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар уг хувилбар GISAID системд бүртгэгдсэнчлэн нийт 30 оронд илрээд байгаа бөгөөд энэ нь зөвхөн бүртгэгдсэн хувилбаруудын тоо юм.

    📌ДЭМБ-ын 2021 оны зургадугаар сарын 15-нд нийтлэгдсэн долоо хоног тутмын ковидын тархалтын тайланд мэдээлснээр 2021 оны дөрөвдүгээр сараас хойш Перу улсад бүртгэгдсэн нийт ковидын тохиолдлын 81 гаруй хувь нь Лямбда хувилбар байсан гэжээ. /холбоосыг хавсаргав/

    📌 Дэлхийн улсуудын коронавируст нөхцөл байдлын тайланг мэдээлдэг worldometer сайтад Перу улсад бүртгэгдсэн тохиолдол болон нас баралтын хувийг хамгийн өндөр үзүүлэлттэй нэг өдрөөр төлөөлүүлэн харьцуулж харахад;
2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд 10,623 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1024 нас баралт тохиож байжээ. ДЭМБ-ын тайланд дурдсанаар тооцоолж үзвэл үүний 81 хувь нь буюу 8604 нь Лямбда хувилбар байсан гэж үзэх үндэслэлтэй.

    📌Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан “Лямбда хувилбар 72 цагийн дотор үхэлд хүргэдэг” юм бол Лямбдагаар халдварласан 8604 хүн нас барсан байх тооцоо гарна. Харин бодит тоо нь 1024 нас баралт байгаа нь дээрх мэдээллийг худал гэж үзэх үндэслэл юм.

    ✅ДЭМБ-аас мутацуудыг илрүүлэх аргыг тайлбарласан видео контентод ”SarsCov-2 вирусийг PCR шинжилгээгээр илрүүлдэг. Хэрэв эерэг гарсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл лабораторийн нарийвчилсан аргаар ямар хувилбар болохыг тогтоодог гэж тодорхойлсон. /холбоосыг хавсаргав/

    📌Компьютер Томографийн оношилгоогоор уушгины хатгалгааг илрүүлж болох авч, энэ нь SarsCov-2 вирусийн Лямбда хувилбараар үүсгэгдсэн гэх оношийг гаргах боломжгүй. Тиймээс энэ мэдээлэл бүхэлдээ олон нийтийг төөрөгдүүлсэн байна. ДЭМБ болон шинжлэх ухааны бусад байгууллагууд, нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтдийн баг одоо ч SarsCov-2 вирусийн хувилбаруудыг судалсаар байгаа тул батлагдаагүй мэдээллийг түгээхээс татгалзаарай.

📌Нэмэлт мэдээлэл: ДЭМБ -ын зүгээс Альфа, Бета, Гамма, Дельта хувилбаруудыг “анхааралдаа авах шаардлагатай хувилбар” буюу “variant of concern (VOC)” гэж дүгнэсэн. Харин өнгөрсөн сард Лямбдаг "variant of interest" буюу “сонирхол татах хувилбар“ гэж ангилсан нь дээрх дөрвөн төрлийн хувилбараас хор хөнөөл илүү байх боломжгүйг харуулж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst