Лондонгийн олимпын үеийн зургийг Токиогийн олимптой хамааруулж мэдээлсэн нь #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 📌2021 оны 7-р сарын 27-нд Mass Agency Group-Чимиддорж Даваабаяр нэртэй 209.9 мянган дагагчтай Фэйсбүүк хуудсанд дараах агуулгатай постыг нийтэлжээ.

   Уг постод “Кен улсын тамирчин нь олон янзын тэмдэглэгээнд будилаад түрүүлчихлээ гэж бодоод нэг тэмдэглэгээн дээр ирээд зогсчихсон байна. Тэр нь барианы тэмдэглэгээ биш ч барианд их ойрхон. Ард нь гүйж явсан Иван Фернандез гэж испани гаралтай тамирчин “наадах чинь барианы тэмдэг бишээ” гээд орилоод. Нөгөөх нь испани хэл мэдэхгүй ойлгохгүй байсан тул түлхээд барианд нь оруулаад, өөрөө 2-р байранд орсон байна. Тэгээд хэвлэлд энэ талаар Иван хэлэхдээ “ Энэ ялалт бол түүнийх. Ялах нь гол биш, хүмүүс бие биендээ мэдэхгүй үед нь дэмжиж туслах нь хүний ёс” гэж хариулсан байна” гэжээ.

   📌2021.08.09 өдрийн 16:00 цагийн байдлаар тус постыг нийт 723 удаа хуваалцаж, 4.2 мянган реакц, 65 сэтгэгдэл үлдээжээ. Нөлөө бүхий олон зуун мянган дагагчтай сошиал сувгуудаар ийм төрлийн төөрөгдүүлсэн мэдээлэл явах нь хэдийгээр олон нийтэд шууд хор хөнөөл үзүүлэхгүй ч ташаа ойлголт түгээж байгаа тул зайлшгүй шалгаж, үнэнийг мэдээлдэг.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

    ✅Уг зураг Кен улсын тамирчин болон испани гаралтай тамирчин Иван Фернандес нарын 2021 оны Токиогийн олимпын үеэр авхуулсан зураг биш бөгөөд Их Британи, Америкийн холын зайн гүйгчид болох Мо Фара, Гален Рупп нарын 2012 оны Лондонгийн Олимпын наадмаас медаль хүртсэнийхээ дараа баярт мөчөө хуваалцаж буй нь юм.

    ✅Энэхүү мэдээлэл энэ олимпын үеэр дэлхийн улсуудад олон зуун мянган удаа хуваалцсан тул IFCN-ий баталгаат шалгагч AFP /Agence France-Presse буюу Парист төвтэй олон улсын мэдээллийн байгууллага/-ийн шалгасныг онцолъё.

    ✅AFP баримт шалгалтын нийтлэлд бичсэнээр уг постын зургаар хайлт хийж үзэхэд Олимпын дөрвөн удаагийн аварга Британийн гүйлтийн тамирчин Мо Фара, 2012 оны Лондонгийн олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн гүйлтийн тамирчин Гален Рупп нарын тухайн үеийн зураг болохыг тогтоожээ. /Холбоосыг хавсаргав/

    Уг зургийг мөн Getty Images-ийн архиваас харах боломжтой бөгөөд 2012 оны 8-р сарын 4-нд гэрэл зурагчин Майкл Стилийн авсан зураг гэдгийг шалгаж болно. Эрэгтэйчүүдийн 10,000 метрийн финалд Фара ялж, Рупп хоёрдугаар байрт орсон баярт мөчийг харуулсан зураг юм.

    ✅33 настай Рупп цар тахлын улмаас хойшлон, жилийн дараа зохион байгуулагдаж буй 2020 оны Токиогийн олимпод оролцох эрхээ авч чадсан ч 38 настай Фара эрхээ авч чадаагүй.

    ✅2012 оны 12-р сарын хоёрны өдөр Испанид болсон гүйлтийн тэмцээний үеэр Кенийн тамирчин Мутай барианы шугамаа андуурч хурдаа сааруулахад нь Испанийн тамирчин Фернандес түүнд бариа болоогүйг хэлэхийг оролдон, түүнийг чиглүүлж, өөрөө хоёрдугаар байранд орсон байдаг. Энэ явдлын талаар 2012 оны сүүлээр болон 2013 оны эхээр хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлж байсан. Мөн Фернандес тухайн үеийн зургаа өөрийн албан ёсны Инстаграм хуудсанд 2020 оны 12-р сард дахин хуваалцжээ. /Холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst