Маргааш Хаан банкны данстай хүн бүрийн дансанд 200.000 төгрөг… гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны наймдугаар сарын 9-нд iconinews.club гэх домайн нэртэй сайтад “Маргааш ХААН БАНКНЫ данстай хүн бүрийн дансанд 200.000 төгрөг” гэх мэдээлэл гаргасныг наймдугаар сарын 10-ны 12:00 цагийн байдлаар facebook платформд 13,177 хариу үйлдэл аваад байна. Мөн odmedee.com сайтад оруулсан нь 11,887, conopmedee.com гэх домайн нэртэй сайтад нийтлэгдсэн нь 4,958 хариу үйлдэл авчээ.

   Аливаа мэдээллийн сошиал сувгууд дахь түгээлтийг хардаг автомат хэрэглүүр болох CrowdTangle-ийн Олон улсын баримт шалгагчдад зориулсан тусгай эрхээр шалгахад “Монгол улс Media” нэртэй 610 мянган дагагчтэй public группэд хуваалцсан холбоос гэхэд л өмнөх зургаан сарын дундаж үзүүлэлтээс 47.1 дахин их хандалт авсан байна. /зургаас харна уу/

   📌 Уг мэдээлэлд: “Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г ЭМЯ, Засгийн газар хэрэгжүүлж ажиллаж байна.

   Үүнд : Бүх банкнууд хамтран харилцагчдаа дэмжиж ажиллах цаг болсон... Энэ цаг үед харилцагчдаа дэмжиж ажиллах маш чухал цаг ирээд байна. Иргэд боломжоороо нэгнээ дэмжиж байна. Та бүгд ч гэсэн иргэдээ дэмжиж иргэн бүрт 200.000 төгрөгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Эдийн засаг хямралтай энэ үед банкнууд иргэдээ дэмжиж ажиллахыг дэмжиж байвал тийм гээд саналаа өгнө үү” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан. (холбоосыг хавсаргав)

   📌“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд арилжааны банкуудын зээлийн санхүүжилттэй холбоотой зохицуулалт оруулсан болохоос иргэдийн дансанд зүгээр мөнгө хийх тухай нэг ч заалт байхгүй.

   📌Арилжааны зорилготой спам гэгдэх сайтууд ихэвчлэн хандалт авах зорилгоор түгээдэг гарчиг болон дотоод агуулга зөрөөтэй, эсвэл илт хуурамч энэ төрлийн мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst