Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны наймдугаар сарын 8-нд Орхон Баасандорж нэртэй facebook хэрэглэгч 610 мянган гишүүнтэй Монгол улс Media гэх группэд “Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив” гэх гарчигтай, odmedee.сom домайн нэртэй сайтын холбоосыг оруулсан нь наймдугаар сарын 11-ний 13:00 цагийн байдлаар 1.4 мянган реакц, 118 сэтгэгдэл авч, 659 удаа цааш хуваалцсан байв.

   📌 Үүнээс өмнө буюу 2021 оны долдугаар сарын 4-нд Dashintseden Batmunkh нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас “Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив” гэсэн пост оруулсан нь 9.5 мянган реакц, 6.1 мянган сэтгэгдэл авч, 1.2 мянган удаа цааш түгээсэн байлаа.

   🔎 Тодорхой давтамжтай хуурамч мэдээлэл оруулж, олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа тул баримтаар шалгасан үнэнийг хүргэх шаардлагатай гэж үзлээ.

   📌 Шалгаж буй мэдээлэлд “Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив. Хэрэглэгч та дэмжиж байвал шэйр хийгээрэй!!! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар дараах ноцтой зүйлсийг ярив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив” гээд тухайн өдөр president.мn сайтад гаргасан мэдээг хуулж тавьсан байна.

#FactCheckedByMFCC

   ✅ ОХУ дахь шатахуун түгээх станцуудын байршил, үнийг мэдээлдэг benzin-рrice.ru албан ёсны вэбсайт дээр сүүлийн гурван өдрийн байдлаар Монголд түгээмэл хэрэглэдэг АИ92 бензиний үнэ 43.10-49.14 рубль, дунджаар 45.77 рублийн үнэтэй байна. /холбоосыг хавсаргав/

   2021 оны наймдугаар сарын 10-нд Монголбанкны валютын хаалтын ханшаар рубль 38.68 төгрөгтэй тэнцэнэ гэж зарласан. /холбоосыг хавсаргав/ Тэгэхээр нэг литр АИ92 бензин 1770 төгрөгтэй тэнцэж байна.

   ✅ Шалгаж буй мэдээлэлд Ерөнхийлөгчийн Тамгын Газраас бэлтгэн түгээсэн албаны мэдээг хуулахдаа өмнө нь “Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив” гэсэн хуурамч мэдээлэл оруулж олон нийтийг төөрөгдүүлжээ.

   📌2021 оны долдугаар сарын 28-нд АМГТГ-ын газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр gogo сайтад өгсөн ярилцлагадаа “ААН-үүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бидэнд үнэ нэмэх хүсэлтээ өгсөөр байна. Нэг баррель тосны үнэ 40 ам.доллар, хилийн үнэ 400 ам.доллар байхад нэг литр шатахууныг 1450 төгрөгөөр худалдах боломжтой байв. Гэтэл энэ оны нэгдүгээр сараас нэг баррель нь 50 ам.доллар, хилийн үнэ 470 ам.доллар болж өссөн” гэсэн байна. /холбоосыг хавсаргав/

   📌Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ Plus500 худалдааны платформ дээр наймдугаар сарын 11-ний 13:00 цагийн ханш нь 68.08 ам.доллар болсон байна. /холбоосыг хавсаргав/

   📌Тиймээс түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарч шатахууны үнэ литрийг нь 750-1000 төгрөгөөр борлуулах ямар ч боломжгүй юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst