Гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ikon.mn сайтад “Гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байна” гэх гарчигтай мэдээг “сурталчилгаа” гэсэн хөмсөгөн дор нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вирусийн мутацуудад вакцины үйлчлэх нөлөөллийн талаар хийсэн судалгаануудад Спутник болон Pfizer-ийн хослолын талаар хийсэн судалгааны тайлан одоогоор гараагүй байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #87

2021.08.20 | Улаанбаатар хот, Монгол

📌2021 оны наймдугаар сарын 19-нд ikon.mn сайтад “Гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байна” гэх гарчигтай мэдээг “сурталчилгаа” гэсэн хөмсөгөн дор нийтэлжээ. Энэ нь тухайн редакцын бэлтгэсэн мэдээлэл биш, төлбөртэй нийтлэл гэдгийг илэрхийлдэг.

Уг төлбөртэй нийтлэл facebook платформд 700 гаруй хариу үйлдэл авснаас 135 удаа цааш түгээсэн байна.

📌Уг мэдээлэлд, “Оросын эрдэмтдийн бүтээсэн “Спутник” вакцин болон “Pfizer”-ийн хослол сайн үр дүн үзүүлж буй талаар Гамалея эпидемиологи, микробиологийн судалгааны төвийн захирал Александр Гинцбург “РИА Новости” агентлагт мэдээлжээ. Тодруулбал, “Pfizer” вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байсан аж. Улмаар Оросын талаас “Pfizer”-т хамтарсан туршилт хийх санал тавьжээ” гэсэн байв. Энд эх сурвалжаар дурдаж буй Риа Новости агентлагийн мэдээлэлд зөвхөн Гамалея эпидемиологи, микробиологийн судалгааны төвийн захирал Александр Гинцбургийн хэлснийг эш татжээ.

📌Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад судалгааны байгууллагууд блон ДЭМБ-ын мэдээлэлд “Спутник” вакцин болон “Pfizer”-ийн хослол сайн үр дүн үзүүлж буй талаар ямар нэг судалгаа одоогоор нийтлэгдээгүй байна. /мэдээний орчуулгыг бүрэн эхээр нь нэмэлт хэсгээс/

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Вирусийн мутацуудад вакцины үйлчлэх нөлөөллийн талаар хийсэн судалгаануудад Спутник болон Pfizer-ийн хослолын талаар хийсэн судалгааны тайлан одоогоор гараагүй байна.

📌Харин Спутник болон АстраЗенека вакцинуудыг холихтой холбоотой Reuters агентлаг мэдээлж байв. 📌Өнгөрсөн 05 дугаар сарын 28-нд “ОХУ -ын Эрүүл мэндийн яамны ёс зүйн хороо AstraZeneca болон Оросын Sputnik V вакцинтай хослуулан хийсэн клиник туршилтуудыг зөвшөөрөхөөс татгалзлаа” гэж мэдээлж байсан бол 07 дугаар сарын 26-ны байдлаар ОХУ-ын таван клиникт туршилтуудыг үргэлжлүүлэхийг Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан (RDIF) дэмжиж байгаа талаар мэдээлж байв. /холбоосыг хавсаргав/

2021 оны 08 дугаар сарын 11-нд “COVID-19-ийн эсрэг Pfizer вакцин хийлгэсэн хүмүүст Оросын Sputnik Light вакциныг турших ажлыг эхлүүлэх санал тавьсан” талаар Sputnik V-ийн албан ёсны твиттер хуудсанд мэдээлсэн.

/холбоосыг хавсаргав/ Уг жиргээнд 📌“АНУ, Израильд дельта өвчний тохиолдол нэмэгдэж байгаа нь mRNA вакцинаар дархлааны хариу урвалыг нэмэгдүүлж, уртасгахын тулд өөр төрлийн нэмэлт вакцины тун шаардлагатай байгааг харуулж байна. Sputnik V нь хольж, нийцүүлэх арга ашиглан нэгтгэсэн туршилтыг анхлан хийж, Delta хувилбарын эсрэг 83.1%-ийн үр дүнтэй гарсан. Өнөөдөр RDIF-ийн зүгээс Pfizer-д Sputnik Light-ийг нэмэлт тун болгон туршиж үзэхийг санал болгож байна” гэсэн байв.

📌Харин саналыг хүлээж аваад, хамтарсан эсэх, мөн судалгааны хариу хэрхэн гарсан талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Нэмэлт мэдээлэл:

Риа Новости агентлагийн мэдээний бүрэн орчуулга:

Оросын эрдэмтдийн бүтээсэн Sputnik Light вакциныг Pfizer вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст нэмэлт тун болгон хэрэглэвэл дельта вариантын эсрэг үзүүлэх үр дүн илүү өндөр буй талаар Гамалея эпидемиологи, микробиологийн судалгааны төвийн захирал Александр Гинцбург “РИА Новости” агентлагт мэдээлжээ. Өмнө нь Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас (RDIF) Pfizer компанид хамтарсан туршилт явуулах хүсэлт тавьсныг мэдээлж байсан билээ. Гинцбург хэлэхдээ, “RDIF-ийн зүгээс Sputnik Light-ийг Pfizer вакцины нэмэлт тун болгох санал тавьсан нь үндэслэлтэй бөгөөд ингэснээр Pfizer вакцин хийлгэсэн хүмүүсийг өөр төрлийн эсрэг биеийн спектрээр үр дүнтэй хамгаалах болно” гэв. Тэрээр дельта хувилбарын эсрэг Pfizer вакцин хэр үр дүнтэй байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар ердөө 40 хувь хамгаална гэсэн таамаглал бий гэж тайлбарласан. RDIF өмнө нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд үндэслэн дельта хувилбарын эсрэг Sputnik-ийн үр дүн 83.1% байсан гэж мэдээлсэн. Үүний зэрэгцээ MedRxiv вэбсайтад нийтэлсэн Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ хувилбар эрчимтэй тархаж байгаагаас 07 дугаар сард Pfizer вакцины үр нөлөө буурсан байна. MRNA-1273 (Moderna) вакцины хувьд энэ үзүүлэлт 76%, BNT162b2 (Pfizer) 42% байжээ.

📌“Гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байна” гэх мэдээлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дагаж мөрддөг ДЭМБ-ын зөвлөмжид ороогүй, зөвшөөрөл олгоогүй төдийгүй энэ талын судалгааг бусад улс орнуудад хийж, шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлээгүй байгаа тул олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай гэж үзлээ.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод#ThinkFirst


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээ
Шалгасан мэдээний эх сурвалж
Спутник болон АстраЗенека вакцинуудыг холихтой холбоотой Reuters агентлагийн мэдээ
Спутник-V вакциныг бүтээсэн Гамалея Институтын албан ёсны вебсайт
RDIF албан ёсны вебсайтын хамгийн сүүлд нийтэлсэн мэдээ
Спутникийн албан ёсны Twitter хуудасны жиргээ

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document