Монгол Улс 0-11 насны хүүхдүүдэд иммуноглобулин тарина гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2021 оны наймдугаар сарын 23-нд Мягмартогтох Далай нэртэй facebook хэрэглэгчийн хаягаар “Монгол Улс 0-11 насны хүүхдүүдэд дархлаа дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иммуноглобулин тарина” гэх мэдээлэл оруулсан нь хоёр цагийн дараа 86 реакц, 46 сэтгэгдэл авч, 29 удаа цааш түгээгджээ.

   ✒ Хэдийгээр “товлолт вакцин шиг бүх хүүхдэд заавал тарина” гэж бичээгүй ч уг постод хариу үйлдэл үзүүлсэн уншигчдын 70 орчим хувь нь “бүх хүүхдэд тарина” гэх ойлголт авсан нь сэтгэгдэл болон цааш түгээхдээ тайлбар бичсэн байдлаас харагдаж байна. Ийнхүү бүрэн бус мэдээлэл агуулсан мэдээллийг Баримт шалгаж журмын дагуу зайлшгүй шалгах шаардлагатай байдаг.

#FactCheckedByMFCC

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌 Эрүүл мэндийн сайдын хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяраас тодруулахад “Хүүхдэд бүрт тарина гэх ямар ч шийдвэр яамнаас гараагүй, ийм зохицуулалт хийсэн сайдын тушаал байхгүй” гэсэн юм.

📌 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн дарга Анагаах ухааны доктор Б.Ичинхорлоотой холбогдож, хүүхдүүдэд иммуноглобулин тарихтай холбоотой мэдээлэлд тайлбар авлаа. “Иммуноглобулиныг дахин үйлдвэрлэж эхэлсэн. 2000 оноос өмнө халдварт шар зэрэг өвчлөл ихтэй үед дархлаа султай, сульдаатай хүүхдүүдэд эмчийн зөвлөснөөр тарьдаг байсан. Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодод оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжид тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Бид 2000 оноос хойш үйлдвэрлээгүй тариаг дахин үйлдвэрлэж эхэлсэн. ЭМЯ-аас албан журмаар хүүхэд бүрт тарих ёстой гэсэн шийдвэр огт гараагүй. Тэгэх ч боломжгүй. Хүссэн хүн бүр хүүхдэдээ хийлгэхгүй, зөвхөн эмчийн заавраар сульдаатай, дархлаа сул, эрсдэлт бүлгийн хүүхдэд хийж болно” гэсэн юм.

✅ Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 12-нд “Цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” 144 тоот тогтоол гарсан. Уг тогтоолын 1 дүгээрт ““Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-т Ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх санхүүжилтэд шаардагдах 284,062,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй” гэсэн байна.

✅Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 23-ны А/340 тоот тушаалаар НЭМҮТ-ийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-т КОВИД-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд коронавирусийн эсрэг сийвэн бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ажлын удирдамжийг баталсан. /тогтоолуудыг хавсралт холбоосоор үзнэ үү/

✅ 2021 оны 08 дугаар сарын 4-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “Тендер шалгаруулалтын онцгой журам”, “Гэрээ шууд байгуулах” журмаар тендер зарлаж 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад нээх байв.

✒ Энэхүү тендер нь нийт 284,062,000 төгрөгийн төсөвт өртгийн хоёр багцаас бүрдэж байна.Үүнд:

Багц 1. Ампул онгойлгох, савлах, бөглөх автомат машин, ампул нийлүүлэх 257,000,000 (хоёр зуун тавин долоон сая) төгрөг

Багц 2. Тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ гүйцэтгэх - 27,062,000 (хорин долоон сая жаран хоёр мянган) төгрөг гэжээ. /холбоосыг хавсаргав/

   📌 Гэвч шалгаруулалтад оролцогчийн санал ирүүлээгүй байна. /холбоосыг хавсаргав/

✒ Монгол Улсын Засгийн газраас “Биобэлдмэлийн үйлдвэр”-т Ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн ч тендерт санал ирүүлсэн оролцогч одоогоор алга байна. Тиймээс үйлдвэрлэж эхлээгүй иммуноглобулиныг 0-11 насны хүүхдүүдэд тарих боломжгүй юм. Түүнчлэн хүүхдүүдэд тарих тухай сайдын тушаал, мэргэжлийн байгууллагын зөвлөмж одоогоор гараагүй байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst