Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаа тэглэнэ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] ✒2021 оны 09 дүгээр сарын 04-нд ulaanbaatar.me гэх домайн нэртэй сайтаас “Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас бүгдийг эхэлнэ” гэсэн гарчигтай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зурагтай мэдээ оруулжээ.

   Уг мэдээг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад facebook платформд 7490 хариу үйлдэл авсан байна.
📌Уг мэдээнд МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийг тэглэх санаачилга гаргаж уриалж байсан тухай бичсэн ба “Шинэ Ерөнхийлөгч ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаадаа тэглүүлж, шинэ гараанаас бүхнийг эхлүүлэх асуудалд анхаарч үзэж, иргэддээ ээлтэй шийдвэр гаргаж өгөөч” гэсэн байна

#FactCheckedByMFCC

🔎 Бид өмгөөллийн "Фиделитас Партнерс" /Fidelitas Partners /ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌2021 оны 05 дугаар сарын 12-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Уг санаачилгад “Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх (Нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монгол Банкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах) гэсэн санааг тусгасан байв.

📌ҮАБЗ-өөс уг төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг дэмжсэн. Гэхдээ өр төлбөрөөс чөлөөлөх тухай тусгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь хуулийн төслийг боловсруулалтын шатанд яваа бөгөөд бэлэн болсон хуулийн төслийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу нийтэд нээлттэй тавигдах юм.

Уг хуулийн:
📌8 дугаар зүйлд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатыг тодорхойлохдоо 8.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах;” гэж,

📌38 дугаар зүйлд хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай зохицуулахдаа 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана” гэж зааж өгсөн.

📌Энэ зохицуулалтаар Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хууль хэлэлцэгдэх боломжтой. Харин уг хуульд МҮХАҮТ-ын гаргасан санаачилга болох аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр тэглэх асуудал тусгах эсэх нь тодорхойгүй байна.

📌Мөн ард иргэдийн өр зээлийг нэг удаа тэглэх тухай ямар ч шатанд яриа, санаачилга гараагүй байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst