Төрийн албан хаагчдын цалинг 1.7 их наядаар бууруулахаар боллоо гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] ✒ 2021 оны аравдугаар сарын 6-нд khongor.mn нэртэй вебсайтад “Төрийн албан хаагчдын цалинг 1.7 их наядаар бууруулахаар боллоо” гэсэн гарчигтай мэдээ оржээ. CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд уг мэдээг 2021.10.07 өдрийн 17:00 цагийн байдлаар Facebook-т хуваалцаж, нийт 427 сэтгэгдэл, 2,378 реакц даржээ.

   📌 Уг мэдээллийн гарчиг нь төрийн албан хаагчдын цалинг бууруулах гэж байгаа мэтээр ойлгогдохоор байгаа ч мэдээлэл дунд нь ийм агуулга байхгүй. Харин төрийн албан хаагчдын тоог бууруулснаар нийт цалингийн зардлыг хэмнэж болох тухай мэдээлэл оруулжээ. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг нийт 198 мянган төрийн албан хаагч 2.8 их наяд төгрөгийн цалинтай ажиллаж буй. Төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсвөөс цалинждаг нийт төрийн албан хаагчийн орон тоог 73.6 мянга хүртэл бууруулж, цалингийн санг 1.1 их наяд төгрөгт хүргэснээр 1.7 их наяд төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Сангийн яамны mof.gov.mn сайтад “Төсвийн төсөл - 2022” мэдээллийг оруулсан байна. Уг мэдээллийн “Төрийн үйлчилгээг өөрөө гүйцэтгэх бус хувийн хэвшлээс худалдан авдаг болно” гэх хэсэгт “цэвэрлэгээ, байр ашиглалт, харуул хамгаалалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хоол үйлдвэрлэл зэрэг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой ажил үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй. Үйлчилгээ тус бүрээр өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц хэмжээний тариф тогтоохоор төлөвлөнө гэжээ. Зөвхөн ТТ /төрийн тусгай/ болон ТЗ /төрийн захиргаа/ ангиллын албан хаагчид төрийн алба хаагч байна” гэсэн байна. Одоо байгаа ТҮ /төрийн үйлчилгээ/ ангиллыг төрийн албан хаагчид хамааруулж үзэхгүй байхаар төлөвлөж байна. /холбоосыг хавсаргав/

📌Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд Төрийн албаны тухай хууль болон дагалдах хууль журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Мөн төрийн үйлчилгээний албанаас халагдах 124.4 мянган албан хаагчийн нийгмийн баталгааг хэрхэн шийдвэрлэх зэргээр зохицуулалт хийх шаардлагатай болно. Энэ мэдээлэл зөвхөн ирэх жилийн төсвийн төсөлд санал болж орсон зүйл болохоос батлагдсан шийдвэр биш юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst