Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300,000₮ болгохоор хэлэлцэж байна гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны 10 дугаар сарын 08-нд goemedee.mn гэх домайн нэртэй сайтад “Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300,000 төгрөг болгохоор хэлэлцэж байна” гэх мэдээлэл нийтэлжээ. CrowdTangle хэрэглүүрээр уг мэдээллийн тархалтыг шалгаж үзэхэд facebook-ийн долоон группт түгээж нийт 334 хариу үйлдэл авсан байв.

   ✒ Уг мэдээлэлд “Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг хэвээр нь үлдээх зарлиг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Харин хоёроос дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300 мянган төгрөг болгохоор хэлэлцэж байгаа аж” гэсэн байна. Түүнчлэн “хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн дэмжлэгийг 2021 оны 07 дугаар сарын 1-нийг дуустал хэрэгжүүлэх болсон, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, халамжаас тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх” зэрэг өнгөрсөн онд гаргаж байсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг багтаажээ.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅2021 оны 04 дүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн ТӨСЛИЙГ Засгийн газарт хүргүүлж байсан. Зарлигийн төсөлд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т зааж өгсөн. Гэвч дээрх санаачилгыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

✅Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой ч Засгийн газрын тухай хуулийн 27.5-д 📌“Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд тодорхойлсон заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна” гэж зааснаар хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100,000 төгрөг болгон хугацаагүй олгох санаачилга хэрэгжээгүй.

📌Үүнийг саяхан болсон мэт ойлголт төрүүлэхээр нийтэлсэн нь төөрөгдүүлжээ.

✅УИХ-д өргөн барьсан 2022 оны төсвийн төсөлд "хүүхдийн мөнгөн тэтгэмжийг уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" гэж дурджээ.

✅"Ирээдүйн өв сангийн орлогын гол эх үүсвэр болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 1.05 их наяд төгрөг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 404.5 тэрбум төгрөг, 📌нийтдээ 1.4 их наяд төгрөгийг 2022 онд тус санд төвлөрүүлж ХҮҮХДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ бий болгохоор тусгалаа" гэж уг төсөлд оруулсан байна.

✅2022 оны төсвийн төсөлд “Халамжийн сангийн нийт зарлага 490.4 тэрбум төгрөг байгаа нь урьд оноос 2.5 их наяд төгрөгөөр буурч байна. Зардал буурсан шалтгаан нь 2021 онд коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд 100 мянган төгрөг байхаар олгохоор тооцож 1.4 их наяд төгрөгийг зарцуулсан, мөн хөл хорионы үед иргэн бүрд 300,000 төгрөгийг олгох 1.01 их наяд төгрөг тус тус зарцуулсантай холбоотой” гэжээ.

📌Энэ нь мэргэжлийн яамнаас боловсруулан УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл тул УИХ-аар хэлэлцэж батлах явцад ямар өөрчлөлт орох нь тодорхойгүй. Ямартай ч хүүхэд бүрт 300,000 төгрөг олгох тухай огт хэлэлцээгүй бөгөөд харин өмнө нь олгож байсан 100,000 төгрөгийг хасах санал парламентад оруулаад байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst