Витамин С дуслаар хийлгэхэд цус бүрэн цэвэрлэгдэн, дархлаа 1000 хувь сэргэнэ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2021 оны 10 дугаар сарын 10-нд “Таван тансаг” нэртэй 50.4 мянган дагагчтай facebook группэд “Хүний их эмч Э.Сэргэлэн: Үүнийг дуслаар хийлгэхэд цyс бүрэн цэвэрлэгдэн, дарлаа 1000 хувь сэргэнэ” гэх мэдээлэл оруулсан нь 276 реакц, 14 сэтгэгдэл авч, 1.5 мянган удаа цааш түгээсэн байна. Уг мэдээллийг alxam.com гэх домайн нэртэй сайтад 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн огноотой нийтэлсэн бөгөөд CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд facebook платформд нийт 81,251 хариу үйлдэл авснаас 22,688 реакц, 1,581 сэтгэгдэл болон 56,982 удаа хуваалцсан байна. Мэдээллийн эх сурвалжаар Erdene-Ochir Sergelen гэх нэр тавьсныг facebook-т хайж үзвэл “Фитнесс Коүч Сээгий” нэртэй 92.2 мянган дагагчтай facebook пэйжээр чийрэгжүүлэх онлайн сургалт явуулдаг “Монголын мистер 2021” тэмцээний “Эмэгтэй спорт модель” ангилалд мөнгөн медаль хүртсэн Э.Сэргэлэн рүү хөтөлж байна.

✒️IFCN-ий ёс зүйн дүрмийн дагуу эх сурвалжийн найдвартай байдлыг шалгах шаардлагатай тул бид түүнтэй чаат болон утсаар холбогдох гэсэн оролдлогд хариу өгөөгүй юм. Гэсэн ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн бүтээлүүдэд витамин С хангалттай судлагдсан тул бусад эх сурвалжийг ашиглан баримт шалгалт хийлээ.

Уг мэдээлэлд “Цусаа цэвэрлэнгээ дархлаагаа жилдээ нэг ингэж сэргээж болно, санаа шүү манайхаан. Витамин С (0.5%-2мл)-ээс 3 ампулыг Натрий хлорид 500 мл уусмалд хийгээд судсаар удаан дуслаар хийвэл насанд хүрсэн хүний цус цэвэрлэгдэн дархлаа сайжирдаг шүү” гээд “Багш нь дархлаагаа дэмжин цусаа цэвэрлэх зорилгоор хийж суухдаа та нартаа хэлмээр санагдав. Чухал санаа шүү сайхнууд минь” гэсэн байна. Мөн энэ дусал тарианд 4500 орчим төгрөг л зарцуулахыг төгсгөлд нь онцолжээ.

✅ Аливаа эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээний арга гэх мэт мэдээллийг сошиалд маш их тараадаг, дахин давтаж сэргээж шэйрлэдэг хандлага аль ч улсад байдаг. Энэ нь буруу ташаа мэдээлэл бол тэр хэмжээгээр хор хөнөөлтэй учраас зайлшгүй шалгах мэдээллийн тоонд ордог.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Healthline эрүүл мэндийн сайтад “Өдийг хүртэл хийгдсэн олон судалгаагаар Витамин C-гийн дутагдал дархлааг сулруулж, өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг нь үнэн боловч өдөр тутамдаа хоол хүнсээрээ дамжуулан хангалттай витамин авахаас гадна нэмэлт бэлдмэл эсвэл дусал хэлбэрээр Витамин C-г хэрэглэх нь давуу талтай эсэх нь одоо ч маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг. Төрөлхийн болон дасан зохицох дархлааны системийн эсийн төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжих замаар дархлааны системийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчлөх магадлалыг бууруулна гэсэн ямар нэг батлагдсан судалгааны ажил, нотолгоо байхгүй” гэж бичсэн байна. Уг витамины хэрэгцээгээг өдөр тутамдаа хоол хүнсээр дамжуулан хангах нь чухал гэжээ. /Холбоосыг хавсаргав/

📌Шинжлэх ухааны “MDPI” олон улсын цахим сэтгүүлд нийтлэгдсэн Витамин C ковидын үеийн эмчилгээ болон дархлаанд хэрхэн нөлөөлөх тухай Израйл болон Италийн судлаачдын хамтран хийсэн судалгааны ажилд “витамин C-г дархлаа дэмжих зорилгоор хэрэглэхээс гадна ковидоор өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд ашиглахад судалгааны урьдчилсан дүгнэлтээр үр дүн өндөр байсан ч одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Мөн өвчний үед дуслаар эсвэл витамины нэмэлт хэлбэрээр хэрэглэхэд гарах үр дүнгийн тухай томоохон судалгааны ажлуудыг нэмэлтээр хийх шаардлагатай байна” гэжээ. /Холбоосыг хавсаргав/

*MDPI буюу Олон талт дижитал хэвлэлийн хүрээлэн нь 1996 оноос хойш олон улсын эрдэмтдийн шинжлэх ухааны судалгааны ажлуудыг нээлттэй нийтэлж, дэмжин ажиллаж буй цахим сэтгүүл юм.

📌Хоол боловсруулах замын эмгэг илрэх магадлал өндөр байдаг тул өдөрт хамгийн дээд тал нь 2000 мг Витамин C хэрэглэхийг зохистой гэж үздэг. Тухайлбал, Уэйк Форест их сургуулийн анагаах ухааны сургуулийн Шээс, бэлгийн зам судлалын тэнхимээс хийсэн судалгаанд бичсэнээр насанд хүрсэн хүмүүст зургаан өдрийн турш 1000мг тунтай Витамин C-г өдөрт 2 удаа өгөхөд энгийн үед ялгаруулдаг оксалатын хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Витамин С-г хэтрүүлэн хэрэглэх нь шээсэн дэх оксалатыг ихэсгэж, цаашлаад бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ. /Холбоосыг хавсаргав/

📌Шведийн Готеборгийн их сургуулийн Дотоод анагаах ухааны хүрээлэн, Эмнэлзүйн хоол тэжээлийн тэнхимийн хийсэн судалгаагаагаар насанд хүрэгчдэд хоолтой нь хамт нэмэлтээр 100 мг Витамин С өгөхөд төмрийн шимэгдэлт нь 67 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан байна. Витамин С төмрийн дутагдалд орохоос сэргийлдэг ч хэт өндөр тунгаар хэрэглэвэл хүний бие хэт их төмрийг шингээж, төмөр ихдэлттэй хүмүүст илүү эрсдэл учруулна. /Холбоосыг хавсаргав/

📌Харин АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн сайт дахь Витамин C-гийн зохистой тун, хэрэглээний тухай судалгааны эмхэтгэлд бичсэнээр нэмэлт Витамин C хэрэглэх тохиолдолд өдөр тутмын хүнснээс авах хэмжээнээс хэтрэхээргүй буюу насанд хүрсэн эрэгтэй хүн 90 мг, эмэгтэй хүн 75 мг-аас дээшгүй агуулсан бэлдмэл хэрэглэх нь зохимжтой ажээ. /Холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst