Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

FACT CHECKED: Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Худал] 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 18:00 цаг орчимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн талаарх мэдээлэл цацагдлаа. Тус албан бичигт хөл хорионы үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн саналыг тусгасан байв.
Гэхдээ зарим сайтаар уг мэдээллийн гарчигийг "ҮҮРЭГ БОЛГОЛОО" гэж түгээсэн нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЭХ агуулгатай болжээ. ‼️Учир нь төрийн тэргүүн Засгийн газрын тэргүүнд үүрэг өгөх субьект биш гэдгийг мэдэхгүй олон нийтэд "Ерөнхийлөгч Ерөнхий сайдад үүрэг болгосон тул шууд хэрэгжинэ" гэж ойлгогдон, дээрх саналд тусгасан өрх бүрд өгөх нэг сая төгрөгийн дэмжлэгийн талаар сошиалд янз бүрээр тараагдсаар байна.
📌Уг албан бичигт, "төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй" гэжээ.
‼️Уг мэдээлэлтэй холбоотой зарим сэтгэгдлүүдээс харахад олон нийт нэг сая төгрөгийг шууд олгоно гэж ойлгосон нь их байна. Ингэснээр орлогогүй, хөл хорионд байгаа иргэдэд ташаа ойлголт өгөх мэдээллээс үүдэн санхүүгээ буруу удирдаж, эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй нөхцөл байдал үүслээ.
#FactCheckedByMFCC

📌Үндсэн хуулийн 33 дугаар зүйл "Ерөнхийлөгчийн бүрэн эрх" хэсгийн 1.3-т "өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж заасан. (шууд хэрэгжүүлэх ҮҮРЭГ биш зарлигаар ЧИГЛЭЛ өгч болно)
📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг "Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг БАТЛАН ХАМГААЛАХ талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх" хэсэгт "Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина" гэж заасныг "Ерөнхийлөгч хэнд ч үүрэг өгч болно" гэж буруу тайлбарлах үзэгдэл гарлаа.

Мэдээллийн гарчиг төдийгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газраас түгээсэн уг мэдээллийн агуулга дотор "...цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар ҮҮРЭГ болголоо" гэсэн нь дээрх буруу ойлголт Ерөнхийлөгчийн институцийн гаргасан алдаанаас улбаалсан төөрөгдөл болжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst