Хүйтэн байгаа учраас гадаад орчинд, агаарт коронавирус байхгүй #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

FACT CHECKED: Хүйтэн байгаа учраас гадаад орчинд, агаарт коронавирус байхгүй #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Худал] Шинэ төрлийн коронавирусын судалгааг хийсээр байгаа тул уг вирусын шинж чанарыг эцсийн байдлаар тодорхойлох боломжгүй нөхцөлд бид амьдарч байна. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийг гол үндэс болгон ашиглаж байгаа билээ. Харин ЭМЯ-ны мэргэжилтэн төөрөгдүүлсэн мэдээлэл хийх нь олон нийтийг эрсдэлд оруулж болзошгүй тул дараах баримт шалгалтыг хийх шаардлага тулгарлаа.
🔎ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хүйтэнд коронавирус тэсвэргүй гэдэг мэдээлэл өгсөн. Үүнийг 11 дүгээр сарын 24-ны 11:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр дахин баталж хэллээ. Тэрбээр, “Миний хэлсэн утга бол битүү бүгчим орчинд, агаарын солилцоо муутай үед коронавирусын халдвар үрждэг” гээд дөрөвдүгээр сарын дундуур БНСУ-д хоёр дахь давалгаа караоке клубээс эхтэйг дурдаад, Монголд ч караокеноос халдвар дамжсан тохиолдол байгааг хэлсэн. Тиймээс агаарын сэлгэлт байнга хийж байх ёстойг анхааруулсан. ДЭМБ-ын зөвлөмжид багтсан энэхүү мэдээллийнхээ араас ойлголтын зөрүү үүсгэн, төөрөгдүүлэх зүйл хэлсэн нь цахим орчинд шууд утгаараа түгээгдсээр байна.
📌Тэрбээр, “Миний хэлж байгаа санаа бол гадаа ийм хүйтэн байгаа учраас гадаад орчинд, агаарт коронавирус БАЙХГҮЙ” гэдгээ мөн давтан хэллээ.
#FactCheckedByMFCC

Юун түрүүнд ДЭМБ-ын зөвлөмжийг хүргэе.

ДЭМБ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан Висмита Гапта-Смит Дэлхийн халдварын аюулаас урьдчилан сэргийлэх газрын /Department Global Infectious Hazard Preparedness/ захирал, доктор Силви Брайндаас ам дамжиж ярьдаг дээрх ойлголтын талаар асуух үед, “Өвчин дамжихад нөлөөлдөг тодорхой тохиргоо, нөхцөл байдал байдаг. Жишээлбэл, хэрэв та олон хүнтэй, хязгаарлагдмал агааржуулалттай, хаалттай орон зайд удаан хугацаагаар байвал CoVID-19 дамжуулах эрсдэл өндөр байдаг. Энэ бол өвлийн улиралд тохиолддог зүйл юм. Гадаа хүйтэн байдаг тул хүмүүс агааржуулалт муутай, хаалттай, заримдаа хөл хөдөлгөөн ихтэй газарт удаан байх хандлагатай байдаг” гэж тайлбарласан.
Энэхүү бичлэгтэй хамт “Хүйтэн цаг агаар шинэ төрлийн коронавирусыг устгадаг гэх ямар ч үндэслэл байхгүй. Гадаа хүйтэн, цастай байхаас үл хамаарч хүний биеийн дулаан 36.5 болон 37 хэм байдаг...” гэх утгатай постер байршуулжээ.

Дэлхийн 180 орны 34 мянган эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нээлттэй байршуулдаг Plos.org шинжлэх ухааны нээлттэй онлайн сэтгүүлд гарсан “COVID-19-ийн тархалтад температур ба чийгшлийн үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм” бүтээлд “Амьсгалын замын вирусын халдварын улирлын шинж чанар нь нийтлэг үзэгдэл бөгөөд оргил үе нь ихэвчлэн бага температурт, өвлийн улиралд тохиолддог” гэдэгт үндэслээд 434 судалгааны материалаас нийтлэг үзүүлэлтийг түүж, “Чийглэг, халуун уур амьсгалтай газруудад илүү хурдтай тархдаг. Харин цаг агаар хүйтрэхийн хэрээр ковид тархах хурд удааширч байгаа ч огт алга болохгүй” гэдэг агуулга гаргажээ.

АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн (NCBI) сайт дахь “COVID-19: Агаар мандлын температур ба халдварын өсөлтийн хамаарал” судалгаанд дөрвөн тив дэх янз бүрийн уур амьсгалтай есөн хотод халдварын тархалтыг судалжээ. Гол дүгнэлт нь “Агаарын температур өсөхийн хэрээр вирусийн тархалт удаашрах төлөвтэй, харин агаарын хэм буурах нь тархалтыг нэмэгдүүлэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, хүйтний улиралд тархалт нэмэгдэж, зуны улиралд тархалт буурах хандлагатай” гэсэн байв.

Ийнхүү өнөөг хүртэл судлагдсан байдал нь “коронавирус хүйтэнд алга болдог” гэх ойлголтыг шууд утгаар нь хүлээн авч болохгүйг харуулж байна. Иймд ЭМЯ-ны албан ёсны мэдээллээр “Гадаа коронавирус байхгүй” гэж хэлэх нь эрсдэлтэйг сануулъя.
Жич: Шинэ төрлийн коронавирусыг одоо ч судалсаар байгаа, эцсийн дүгнэлт гараагүйг анхаарна уу.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst