Дэлхий даяар тав хоногт 3.6 сая удаа үзсэн “Монгол Улс COVID-19-ийг давсан нууц” гэх контент ТӨӨРӨГДҮҮЛСЭН

FACT CHECKED:Дэлхий даяар тав хоногт 3.6 сая удаа үзсэн “Монгол Улс COVID-19-ийг давсан нууц” гэх контент ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Худал] 2020 оны 11 дүгээр сарын 4-нд Nas News Asia пэйжээр дамжуулсан “The secret of how Mongolia beat COVID-19” (Монгол Улс COVID-19-ийг давсан нууц) хэмээх бичлэгийг 3.6 сая удаа үзэж, 46 мянган удаа хуваалцаж, 3.3 мянган сэтгэгдэл аваад байна.
📌Уг бичлэг нь COVID-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдлыг үзүүлсэн, бүхэлдээ эерэг мессеж өгөх гэсэн зорилготой аж. Тиймдээ ч бараг бүх коммент бахархсан, дэмжсэн, үлгэр дуурайл авахыг уриалсан хэлбэрээр түгжээ.
❗️Коронавирусийн хоёр дахь давалгаа гарч, улс орнууд дэглэмээ чангатгаж байгаа энэ үед Монгол Улс ч бэлэн байдлыг хангахаар ажиллаж байгаа билээ. Харин энэхүү бичлэгт Монгол Улс хилээ хааж, дотроо маск ч зүүхгүй, хичээл сургууль орж, наадмаа хийж, сонгуулиа зохион байгуулсан, шөнийн 04:00 цаг хүртэл цэнгээний газрууд ажилладаг. Мөн монголчууд малын гаралтай цагаан идээ иддэг, цэвэр агаарт аялдаг тул бусад үндэстнээс илүү дархлаатай. Түүнчлэн мал амьтны гаралтай өвчин их гардаг тул бид COVID-д бэлтгэлтэй байсан. Энэ бүхэн Чингис хааны бидэнд үлдээсэн газар нутаг, хоол хүнс, цэргийн дэг жаягтай холбоотой гэжээ.
#FactCheckedByMFCC

Монголын талаар өнгөц дүгнэж, өрөөсгөл мэдээлэл агуулсан уг контент цар хүрээ ихтэйгээр ийнхүү тархаж байгаа нь иргэдэд буруу ойлголт төрүүлж, цар тахлын үед нэн эрсдэлтэй байгаа тул дараах баримтын шалгалтыг хийлээ.

Үзэх
Уг бичлэгийн 1:23 дэх хэсэгт “Монгол Улс гадаадад амьдарч байсан иргэдийнхээ өмнө ч хилээ хаасан” гэж бахархан хэлсэн нь ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ маш том алдааг олон улсын өмнө гаргажээ.
📌Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 16 дугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, ЭХ ОРОНДОО БУЦАЖ ИРЭХ ЭРХТЭЙ гэж заасан байдаг.
🎬Бичлэгт /0:31/ *Чингис хаан энэ газар нутгийг бидний гэр орон болгож өгсөн” хэмээсэн нь Монгол Улсын түүхийг ТӨӨРӨГДҮҮЛЭХ агуулгатай болжээ.
📌“Монголын түүхийн тайлбар толь”-д нүүдэлчдийн анхны төрт улс “Хүннү нь түүхийн ихэнх хугацааны турш Торгоны замын зарим хэсгийг хяналтдаа авсан байжээ. Цэрэг улс төрийн төв нь одоогийн Монгол Улсын нутаг ба Өвөр Монголын төв, баруун хэсэгт байжээ. Шаньюйн орд өргөө нэг хэсэг Өвөр Монголын Далан Хар уул буюу Иньшань уул, нэг хэсэг Хангайн нурууны зүүн бэлд байсан. НТӨ II ЗУУНЫ СҮҮЛЧЭЭС Хүннүгийн улс төрийн төв Хангай, Хэнтийн завсар нутагт бүрмөсөн шилжиж ирсэн” гэжээ.
🎬Мөн /1:08/ “Мал амьтны гаралтай өвчин их гардаг тул COVID гарахад бид бэлэн байсан” гэсэн нь ТӨӨРӨГДҮҮЛСӨН ойлголт болжээ.
📌Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн А/67 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад “МАЛ АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР” боловсруулсан байдаг ч энэ нь дэлхий даяар халдварлаж буй шинэ төрлийн коронавирусийн бэлтгэл гэж ойлгох нь БУРУУ.
🎬/0:35/ “Бид сүү цагаан идээ идэж, тараг ууж, байгальд гарч, цэвэр агаараар амьсгалдаг. Ийм л учраас зарим хүмүүс Монголчууд бусдаас илүү сайн дархлаатай гэж үзэж байгаа юм” гэсэн нь төөрөгдүүлсэн мэдээлэл болжээ.
📌Харвардын их сургуулийн антропологийн салбарын доктор, профессор, археогенетикч эрдэмтэн Кристина Уоринерийн 2020 оны хоёрдугаар сарын 21-нд шинжлэх ухааны салбарын popsci.com сайтад нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллэгт “Монголчуудын 95 хувь нь генийн хувьд малын сүүнд агуулагддаг лактоз хэмээх бодисыг үл тэвчих хандлагатай. Гэхдээ энэ нь тэднийг малын сүүгээ хэрэглэх ёсгүй гэсэн үг биш. Эрс тэс хүйтэн дөрвөн улиралтай энэ ард түмэнд малын сүү, сүүн бүтээгдэхүүн нь байгалийн хатуу ширүүн нөхцөлийг даван туулах гол хөшүүрэг болдог” гэжээ. Уг судалгаанд монгол гэрийн эд хэрэглэлд 3000 гаруй бактери агуулагддаг тул монгол хүний бие махбод байгальтай дасан зохицох эко динамик системийг үүсгэдэг гэх мэт сонирхолтой зүйлс бий. Гэвч энэ нь монгол хүн бусад үндэстнээс илүү дархлаатай гэсэн хэрэг биш бөгөөд энэ талаар эцэсэлсэн бүтээл одоогоор гараагүй байна.
🎬“Сонгуулиа ч амжилттай зохион байгуулсан” гэх хэсэгтээ South China Morning Post-д 2020 оны зургадугаар сарын 24-нд нийтэлсэн “Mongolia heads to polls amid coronavirus success but corruption, economy a worry” /Монголчууд коронавирусийн хувьд амжилт байгуулсан ч авлига, эдийн засгийн асуудалтайгаар сонгуулиа өгч байна/ контент дэх “Томоохон хэмжээний кампанит уулзалтын үед 30-аас ихгүй хүн цуглуулах журмаа зөрчсөн” гэсэн тайлбар бүхий дүрсийг ашигласан нь зөрчилтэй байв. Энэ нь уг бичлэгийн үнэн бодит байдалд эргэлзэх бас нэг шалтгаан болж байна.

Сэдэв нь 2 талтай байж болохоор, бас цаашид байдал яаж ч эргэж болохыг хэлж мэдэхгүй ч яг одоо байгаа цаг дээр нь контент хийж болох юм, гол санаа нь дэлхийн бусад орнуудад амаргүй ч гэсэн НЭГДЭЖ чадвал, боломж байдаг гэсэн эерэг мэссэж өгөх нь чухал юм гээд зөвшөөрсөн. Эд нар өөрсдөө судалгаагаа хийгээд, масс-т хүргэх талаас нь зохиол, текст бүх юмаа бэлдээд өгчихдөг, дараа нь өөрсдөө бүх юмаа нэгтгээд, засаад гаргадаг юм билээ. Олон дүрс оруулаагүй, бас аудио дээр жаахан тааруухан байгаа ч видео үзсэн гадны хүмүүс урам зориг авсан, өөрсдийнхөө хүмүүсийг уриалсан байдалтай share хийж байгааг хараад урам авлаа. Энэ бол зүгээр л Эерэг Мэссэж түгээх гэсэн контент” гэж тайлбарлажээ.

“Монгол улс COVID-19-ийг давсан нууц Монголын тухай бодит түүх
Сайн уу? Би Монголын нэг кафед байна. Таны харж байгаачлан нэг ч хүн амны маск зүүгээгүй байна. Учир нь энд COVID-19 байхгүй. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ТҮҮХ.
Өнөөдрийг хүртэл Монголд COVID-19-өөр нэг ч хүн нас бараагүй. Шалтгааныг нь та хэзээ ч таахгүй дээ. Энэ бүхэн бидний өвөг дээдэс Чингис хааны ач юм. Хэдэн зуун жилийн өмнө Чингис хаан энэ газар нутгийг бидний гэр орон болгон сонгож өгсөн. Тэр бидэнд эрүүл хооллож, байгальтайгаа нэг мэт энгийн амьдрахыг сургасан. Бид сүү цагаан идээ идэж, тараг ууж, байгальд гарч, цэвэр агаараар амьсгалдаг. Ийм л учраас зарим хүмүүс Монголчууд бусдаас илүү сайн дархлаатай гэж үзэж байгаа юм. Ингээд ч болоогүй. Чингис хаан бидэнд бүх зүйлд бэлэн байхыг сургасан. Хүйтэн цаг уурт амьдардаг нүүдэлчин ард болохын хувьд бид таван хошуу малтайгаа ойр байдаг. Тиймээс мал амьтны гаралтай өвчин их гардаг. Тийм ч учраас COVID гарахад бид бэлэн байсан.
Хятад улс Уханьд хөл хорио тогтоосноос дөрөвхөн өдрийн дараа Монгол Улс хилээ хаасан. Гадаадад амьдарч байсан улсынхаа иргэдийн өмнө ч тэр. Дараа нь Засгийн газар хүн бүхэнд амны хаалт зүүлгэж, сургуулиудыг хааж, Цагаан сар зэрэг баярыг бүхэлд нь цуцалсан.
Гадаадаас ирсэн хүмүүс 5 долоо хоногийн турш тусгаарлалтад байсан. Хялбар байгаагүй ээ. Хэсэг хугацаанд бизнесийн үйл ажиллагаа зогсож, мөнгө ч үгүй болсон. Гэсэн ч Чингис хааны сургаал бидэнд дахин нэг удаа тэсэж үлдэхэд тус болсон. Түүний арми маш сахилга баттай байсан. Энэ сахилга бат үеэс үед дамжин өнөөдрийн бүх монгол хүнд суусан юм. Энэ нь биднийг тусгаарлалтын үеийн хатуу чанга дүрэм журмыг мөрдөхөд дэм болсон. Учир нь бид энэ дайсныг ялахын тулд нэг хүн шиг байх ёстой гэдгийг мэддэг.
Үүний үр дүн нь “0 нас баралт”.
Хэдэн зуун тохиолдол гарсан ч бүгд гаднаас орж ирсэн. Дэлхийн олон улсад тусгаарлалт үргэлжилсээр байгаа ч бид хорио цээрийг суллаж эхлээд байна.
Хүүхдүүд сургуульдаа эргэн явж эхэлж байгаа бол кинотеатр, шөнийн цэнгээний газрууд өглөөний 4 цаг хүртэл ажиллаж байна. Бид спорт фестивал, сонгуулийн арга хэмжээг хүртэл ямар ч аюулгүйгээр, ковидгүйгээр зохион байгуулж чадсан. Чингис хааны үр удам болохын хувьд бид түүнээс маш их зүйлийг өвлөж авсан. Эрүүл амьдралын хэв маягаас эхлээд аливаа нөхцөл байдалд бэлэн байх, сахилга баттай байхыг түүнээс сурсан. Өвөг дээдсийнхээ сургаалыг дагах нь биднийг нэгтгээд зогсохгүй хүний амь аврах боломжтой гэдгийг бид дэлхий ертөнцөд харуулсан гэж итгэж байна. Дэлхий ертөнц бидний түүхийг сонсох эрхтэй. Энэ бол бусадтай хуваалцах ёстой сайн мэдээ”

Дэлхий даяар энэхүү контентийг талархан хүлээн авч, дэмжиж түгээсэн олон хүнд мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг сануулах үүднээс баримт шалгалт хийлээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst