“Mongolian Fact-checking Center” нь аливаа мэдээллийн баримтыг нягталж, түгээхээсээ өмнө баримтын хувьд ямар нэг алдаа гаргахгүй байх, олон нийтэд хоёрдмол ойлголт төрүүлэх найруулга, үгзүй ашиглахгүй байхыг “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-аар зохицуулан мөрдлөг болгон ажиллаж байна. Бид алдаа гарах эрсдэлийг бууруулахын тулд редакцын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч баримт нягтлах үйл ажиллагааг хүн гүйцэтгэж байгаа тул алдаа гарах эрсдэлийг хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс “Олон улсын баримт шалгагчдын сүлжээ”-ний шаардлагад нийцсэн залруулгын нээлттэй бодлого баримталдаг.

Аливаа мэдээллийн баримтыг нягтлан нийтлэхэд дараах шалтгаануудыг улмаас алдаа гарах магадлалтай:

  1. Чухал баримтыг санаатай болон санаандгүй байдлаар орхигдуулсан
  2. Санаатай болон санамсаргүйгээр хэт нэг талыг барьж, сэтгэл хөдлөлд автан хэт нэг талын баримтыг түлхүү цуглуулсан
  3. Баримтыг бүрэн цуглуулж, алдаагүй дурдсан ч буруу найруулга, үг ашигласнаас хоёрдмол утга илэрхийлсэн
  4. Цоо шинэ баримт нээлттэй болсон, эсвэл нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдал үүссэн

Энэхүү залруулга хийх бодлого нь эхний 3 нөхцөлд хамаарах бөгөөд 4 дугаарт тэмдэглэсэн хүчин зүйл нь алдаа бус, ШИНЭЧЛЭЛ гэж тооцогдох болно.

Бид ЗАЛРУУЛГА хийхтэй холбоотой дараах бодлогыг баримтална:

  1. “Mongolian Fact-checking center”-ийн түгээсэн мэдээлэл нь бүрэн болон хэсэгчилсэн байдлаар бодит үнэнээс гажуудсан, үг зүй, найруулгын оновчгүй сонголтоос шалтгаалан олон нийтэд хоёрдмол ойлголт төрүүлэх эрсдэлтэй, эсвэл санаатай болон санамсаргүй байдлаар чухал баримтыг орхигдуулсан, дутуу шалгасан болох нь баримтаар нотлогдсон нөхцөлд тухайн мэдээний түгээлтийг нэн даруй зогсоож, “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-ын дагуу дахин баримтыг нягталж, үнэн зөв хувилбарыг нийтэлнэ.
  2. Үнэн, зөв хувилбарыг нийтлэхдээ алдаатай нийтлэгдсэн өмнөх хувилбарын холбоосыг холбож, мэдээний эхэнд шинээр орсон өөрчлөлт, залруулгыг тодорхой харагдахуйц байдлаар нийтэлнэ.
  3. “Mongolian Fact-checking center” нь ямар ч тохиолдолд нийтэлсэн аливаа мэдээллээ устгахгүй байх бодлого баримтална. Харин нийтлэгдсэн алдаатай мэдээлэл нь үргэлжлүүлэн бусдад буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх үүднээс түгээлтийг зогсоож, зөвхөн залруулгатай хамт уншигдах байдлаар сайт болон цахим сүлжээндээ байршуулна.
  4. Залруулгыг хамгийн багаар бодоход буруу мэдээллийг түгээсэн хэлбэрээр, аль болох түүнээс илүү өргөн хүрээнд түгээхээр редакц өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авна.
  5. Залруулгыг редакц өөрийн санаачлагаар болон олон нийтээс ирсэн хүсэлт, санал, гомдлыг үндэслэн “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-ын дагуу шинээр олж авсан баримтуудыг шалгасны үндсэн дээр хийнэ.
  6. Олон нийтээс аливаа баримт шалгасан мэдээллийг нягтлуулах хүсэлт ирсэн нөхцөлд түүнийг хүлээн авч, журмын дагуу шалгах бөгөөд, энэхүү шалгалтын үр дүнд тухайн баримт шалгасан мэдээлэл нь алдаагүй бөгөөд үнэн болох нь тогтоогдвол нийтэлж, олон нийтэд хүргэхгүй байж болно. Харин хүсэлт ирүүлсэн тухайн этгээдэд ямар үр дүн гарсан тухай хувьчлан мэдээлэх үүрэг хүлээнэ.
  7. Бодит нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан өмнө нь нийтэлсэн баримт шалгалт буруу, алдаатай, эсвэл хоёрдмол ойлголт төрүүлэхүйц болсон нөхцөлд энэ журмаар биш, “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-ын дагуу шийдвэрлэж, тухайн мэдээллийг ШИНЭЧИЛСЭН гэж үзнэ. (Дэлгэрэнгүй зохицуулалтыг “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-аас харна уу)