Зарчим 1: Нам бус, тэгш шударга байх зарчим
Нягтлан шалгах мэдээллийг сонгохдоо ижил шалгуур тавина. Баримт шалгах явцдаа аль нэг талыг баримтлахыг хориглоно. Аливаа мэдээллийг нягтлан шалгахаар сонгож авахдаа олон нийтэд тархсан байдал, тухайн мэдээллийн ач холбогдлыг харгалзаж үзнэ. Баримт шалгаж байгаа тухайн сэдэвтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай нөхцөлд түүнийгээ ил тод, нээлттэй мэдээлнэ. Мэдээлэл бүрийг нягтлан шалгахдаа ижил стандарт мөрдөх ба зөвхөн баримтад тулгуурлаж дүгнэлт гаргана. Нягтлан шалгаж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор улс төрийн байр суурь илэрхийлэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй.

    Зарчим 2: Эх сурвалжийг ил тод мэдээлэх стандартыг дагаж мөрдөх зарчим
Эх сурвалжийн мэдээллийг ил тод нийтлэх нь тухайн эх сурвалжийн аюулгүй байдалд заналхийлж байгаагаас бусад нөхцөлд баримт нягтлагч нь эх сурвалжаа ил тод мэдээлнэ. Энэ нь хүлээн авагч олон нийт баримт шалгах явцыг давтан хийж, бие даан баримт нягтлахад суралцах, баримт шалгагчдын үйл ажиллагааг давхар нягтлах үндэс болох юм. Эх сурвалжийг нээлттэй мэдээлэх нь хувийн аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлөх нөхцөлд баримт нягтлагч нь аль болох дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорино. Боломжтой үед анхдагч эх сурвалжид заавал хандана. Аливаа эх сурвалжтай шууд харьцуулан баталгаажуулах хоёрдогч эх сурвалжийг заавал ашиглана. Эш татаж байгаа эх сурвалжийн хувийн эрх ашиг нь шалгаж байгаа мэдээлэлтэй хамааралтай байж болох бүх нөхцөлд эх сурвалжуудын эрх ашгийг тодорхойлно.

    Зарчим 3: Байгууллагын тухай мэдээлэл болон санхүүжилтийн эх үүсвэрийг нээлттэй мэдээлэх зарчим
Баримт нягтлагч нь санхүүжилтийн эх үүсвэрээ нээлттэй мэдээлнэ. Бусад байгууллагаас санхүүжилт хүлээж авсан нөхцөлд тухайн санхүүжүүлэгч нь баримт нягтлан гаргаж байгаа дүгнэлтэд ямар нэгэн нөлөөгүй болохыг баталгаажуулна. Баримт нягтлагч байгууллага нь баримт нягтлах чиг үүрэгтэй ажиллаж буй бүх ажилтны өмнө хашиж байсан албан тушаалын мэдээллийг өөрийн цахим хуудсанд нээлттэй байршуулна. Мөн байгууллагын бүтцийг тайлбарлахдаа редакцын үйл ажиллагаатай холбоотой эцсийн шийдвэрийг гаргаж байгаа этгээдийг тодорхой заана. Баримт нягталсан мэдээллийг нийтлэхтэй холбоотой эцсийн шийдвэрийг редакцын удирдлагын баг гаргаж байгаа нөхцөлд тухайн баримтыг шалгасан ажилтан нэг бүрийн нэрийг заахгүй байж болно. Хэрэглэгч нарт редакцтай холбогдох аргыг тодорхой зааж өгсөн байна.

    Зарчим 4: Арга зүйгээ ил тод мэдээлэх, нэгдсэн стандарт баримтлах зарчим
    Баримт нягтлагч нь дээд хэмжээний стандарт баримталж, нягтлан шалгах мэдээллийг сонгох, судлах, тайлангаа бичих болон нийтлэхдээ баримталдаг арга зүйгээ тайлбарлана. Хэрэглэгчдээс баримт нягтлуулахтай холбоотой хүсэлт авах чиглэлээр идэвх чармайлт гаргаж ажиллах бөгөөд аливаа мэдээллийг яагаад нягталдаг, хэрхэн нягталдаг болохоо ил тод мэдээлнэ.

    Зарчим 5: Нээлттэй, шударга залруулгын зарчим
Баримт нягтлагч нь ямар нэгэн алдаагүй ажиллахыг эрмэлзэнэ. Тэд залруулга хийх бодлогоо олон нийтэд сайн сурталчилж таниулах бөгөөд түүнийгээ шударгаар дагаж мөрдөнө. Засах зайлшгүй шаардлагатай алдаа гаргасан нь баримтаар нотлогдсон үед залруулгын бодлогынхоо дагуу ил тод залруулж, зөв хувилбарыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд боломжтой бүх арга хэмжээг авна. Баримт нягтлагч нь хэвлэл, мэдээллийн компанийн харьяанд баримт шалгах нэгжийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бол толгой компани нь өөрийн гэсэн залруулга хийх бодлоготой, түүнийгээ дагаж мөрддөг байхыг шаардана.